The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Broadcast Archives CES Fireside
Arrow icon acting as a button to Previous Page Previous      

Амийн Усны Эх Булаг

Давид А.Беднар
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга
CES Fireside for Young Adults • 2007 оны 2-р сарын 4 • Бригам Янгын Их Сургууль

Давид А.БеднарБеднар эгч бид хоёр энэ орой та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Бид дэлхий даяар аялан явахдаа та нар шиг итгэлтэй залуустай хамт байж та нараас суралцах боломжтой байгаадаа талархдаг. Энэ үдэш бид хамтдаа шүтэн бишрэхдээ нэгдмэл байж дээд тэнгэрээс суралцахад маань Ариун Сүнсний тусламжийг эрэлхийлэн би залбирч байна. (С ба Г 43:16-г үз).

Би нэгэн энгийн асуултаар яриагаа эхлэхийг хүсч байна. Дэлхий дээрхи хамгийн үнэтэй зүйл юу вэ? Магадгүй бид юун түрүүнд алт, газрын тос эсвэл алмааз эрдэнэ хамгийн үнэ цэнэтэй гэж бодож болох юм. Гэвч дэлхийн бүх эрдэс баялаг, металл, үнэт чулуу болон бусад шингэн зүйлсээс хамгийн үнэтэй нь ус юм.

Амьдрал уснаас цэцэглэдэг. Амьдрал усаар тэжээгддэг. Ус бол бидэнд мэдэгдээд буй бүхий л төрлийн амьд биетүүдэд шаардагддаг. Ойролцоогоор бидний бие махбодын гуравны хоёр нь ус байдаг. Хүн олон өдөр, бүр олон долоо хоног хоолгүйгээр байж чадах ч усгүйгээр ихэнхдээ гурав дөрөв хоногийн дотор л үхэх болно. Дэлхийн хүн амын томоохон төвлөрөлийн төвүүд нь цэвэр усны эх үүсвэртэй ойролцоо оршдог. Энгийнээр хэлэхэд, хангалттай цэвэр усны эх үүсвэр, хангамжгүйгээр амьдрал оршин тогтнож чадахгүй.

Амийн Ус

Ус бол амьтай бүхнийг тэтгэгч болохыг Аврагч “амийн ус” хэмээх хэллэгийг ашиглан тайлбарласан. Иоханы дөрөвдүгээр бүлэгт өгүүлсэнчлэн, Есүс болон түүний шавь нар Иудагаас Галил уруу аялах замдаа Самараар дайран өнгөрдөг. Тэд Сухар хотод байхдаа Иаковын худаг дээр түр саатдаг.

“Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс, Надад уух юм өгөөч гэж гуйв.

“(Энэ үед шавь нар нь хүнс худалдаж авахаар хот уруу явсан байлаа.)

“Өнөөх Самари эмэгтэй, Та Иудей хүн байж Самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ.

“Есүс түүнд, Хэрэв чи Бурханы бэлгийг болон надад уух юм өгөөч гэж байгаа хүн хэн болохыг мэдсэн сэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдтал.

“Тэр түүнд, Эзэн энэ худаг гүн, танд утгах юм юу ч алга гэтэл та амийн усыг хаанаас авах вэ? . . .

“Есүс энэ уснаас уух хүн бүр дахин цангана.

“Харин өөрт нь миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно” (Иохан 4:7–11, 13–14).

Энэхүү хэсэгт амийн ус гэдэг нь Их Эзэн Есүс Христ мөн Түүний сайн мэдээг төлөөлж байгаа юм. Ус хүний бие махбодийн амьдралыг тэтгэхэд зайлшгүй шаардлагатайн адил, Аврагч болон Түүний сургаалууд, зарчмууд болон ёслолууд нь мөнхийн амьдралыг хүлээн авахад шаардлагатай. Надад болон та нарт өөрсдийн үргэлжийн сүнслэг байдлаа өсгөж хөгжүүлэхэд Түүний амийн усны өдөр тутмын хангалттай эх ундарга хэрэгтэй.

Судрууд нь Амийн Усны Эх Булаг

Судрууд нь Христийн үгсийг агуулдаг амийн усны эх булаг бөгөөд бид түүнийг бүрэн ашиглах боломж байгаа ба бид түүний гүнээс удаан гэгч нь ууж болно. Та нар болон би өөрөө ч “амийн усны эх булаг” болох Христ рүү харж, түүнд ирэх ёстой. Ариун судруудад агуулагдсан Христийн үгсийг (1 Нифай 11:25; Ифер 8:26; 12:28 харьцуул), ( Мозая 1:5-ыг үз) уншсанаар, (С ба Г 26:1-ийг үз) суралцсанаар, ( Иохан 5:39; Алма 17:2-ыг үз) судалснаар мөн Түүний үгэн дээр хуримласнаар (2 Нифай 32:3 үз) бид Түүнд ирнэ. Эдгээрийг хийснээр бид мөнх бус амьдралын туршид сүнслэг удирдамж, хамгаалалтыг хүлээн авна.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь эдгээр бичиглэгдсэн илчлэлтүүдийн (С ба Г 42:56-үз)—энэ үнэт амийн усны эх булгийн цэвэр ариун, аюулгүй байдлыг хадгалах ариун нандин үүрэгтэй. 1970 болон 1980-аад онуудад Сүмийн хийсэн нэгэн сүр жавхлант ажил бол бидний өнөөдрийн унших дуртай өргөн цар хүрээтэй тайлбар, суралцахад хэрэгтэй нэмэлт тусламж, газрын зураг болон мэдээллүүдийг агуулсан судруудын хэвлэл юм.

1980-аад оны эхээр шинэчлэгдсэн судрууд гишүүдийн гар дээр очих үед Ахлагч Бойд К. Пакер дараах бошиглолыг хэлсэн юм:

“Он жилүүд өнгөрөх тусам эдгээр судрууд маань Их Эзэн Есүс Христийг мэддэг, Түүний тааллыг дуулгавартай биелүүлэхийг хүсдэг Христэд итгэгчдийг бий болгох болно.

“Өнгөрсөн үеийнхэн маань эдгээргүйгээр өсөн торнисон, гэхдээ өөр нэг үеийнхэн одоо өсөн торниж байна.” (1982 оны аравдугаар сар, 75 Чуулганы Тайлан; эсвэл Ensign, 1982 оны арваннэгдүгээр сар, 53).

Ахлагч Пакер энэ үгийг хэлснээс хойш хорин дөрвөн жил өнгөрчээ. Түүний яриад байсан тэр үеийнхэн энэ үдэш дэлхий даяар байгаа Сүмийн байруудад цуглажээ! Тэр та нарын тухай болон миний тухай ярьж байсан юм. Та нарын ихэнх чинь өнөөдөр бидэнд байгаа судруудыг л мэддэг байх. Ахлагч Пакерын үгнээс үргэлжлүүлэн иш татахад маань үүнийг санаандаа хадгалаарай:

“Энэ дэлхийн түүхэнд байгаагүйгээр илчлэлтүүд тэдэнд нээгдэх болно. Тэдний гарт одоо Иосеф болон Иудагийн саваанууд өгөгдлөө. Тэд өмнөх үеийнхнийхээ хүч чадаагүй тэрхүү сайн мэдээний мэдлэгт хүрэх болно. Тэдэнд Есүс бол Христ гэсэн гэрчлэл байх бөгөөд тэд Түүнийг тунхаглаж, Түүнийг хамгаалах чадвартай байх болно” (1982 оны аравдугаар сарын Чуулганы Тайлан 75; эсвэл Ensign, 1982 оны арваннэгдүгээр сар, 53).

Өнөө үед бидэнд судар хэрэглэхэд ийм бэлэн байх боломжоор зөвхөн адислагдаад зогсохгүй, харин ч амийн усны эх булаг болох тэдгээрийн гүнээс удаанаар үр дүнтэй үргэлж уух үүрэг хариуцлага байгаа билээ. Энэ үеийн залуучууд нь өмнөх үеийн залуучуудаас илүү сударт уусан орсон, бошиглогчдын үгстэй илүү гүнзгий танилцсан, хариулт авахын тулд илчлэлтүүдийг ашиглах илүү чадвартай гэдэгт би итгэдэг. Гэвч нарийн бөгөөд шулуун замаар бид маш удаан аялах ёстой—илүү ихийг сурах, илүү ихийг биелүүлэх, илүү их туршлагажих хэрэгтэй.

Судрын Эх Булгаас Амийн Усыг Олж Авах нь

Би одоо та нартай судрын эх булгаас амийн усыг олж авах гурван үндсэн арга замын тухай ярилцмаар байна: (1) Судруудыг эхнээс нь дуустал унших, (2) судруудаас сэдэв сэдвээр нь суралцах, мөн (3) холбоо хамаарал, загвар болон уриалгуудын дагуу судлах. Хэрэв бид уншиж, суралцаж, мөн судалж байх үедээ Ариун Сүнсний тусламжийг эрэлхийлэх юм бол эдгээр бүх арга замууд бидэнд сүнснийхээ цангааг тайлахад туслах болно.

Судрыг эхнээс нь дуустал унших нь чухал түүхүүд, сайн мэдээний сургаалууд болон үнэ цэнэтэй зарчмуудыг бидэнд таниулан амийн усаар амьдралыг маань дүүргэдэг. Энэ арга нь бидэнд судруудын гол дүр, үйл явдлуудын дэс дараалал, цаг хугацаа болон үйл явдал, сургаалуудын агуулгыг сурах боломжийг олгодог. Бичигдсэн үгсийг энэ замаар унших нь бидний судруудын мэдлэгийн цар хүрээг өргөсгөж өгдөг. Энэ бол амийн усыг шингээж авах эхний бөгөөд хамгийн чухал арга юм.

Сэдвийн дагуу судална гэдэг нь судруудыг эхнээс нь дуустал уншихын хажуугаар хийгдэх, түүн дээр тулгуурлаж хийгдэх зүйл юм. Жишээ нь, Мормоны Номыг уншиж байх зуураа бид доор өгүүлсэн шиг сургаалийн тухай болон амьдарлын чухал асуултууддаа хариулт олохыг хичээж болох юм:

• Аврагчид итгэх итгэл гэж юу вэ?
• Есүс Христэд итгэх итгэл яагаад сайн мэдээний эхний зарчим бэ?
• Гэтэлгэгчид итгэх нь яагаад мөн яаж нүглээ наманчлах зам уруу хөтөлдөг вэ?
• Би өөрийн хязгаарлагдмал чадамж, өөрийн хүч чадлаар хэзээ ч хийж чадахааргүй миний өдөр тутмын амьдралдаа хийх зүйлсийг хийхэд Цагаатгал хэрхэн намайг хүчирхэгжүүлдэг вэ?

Гурвалсан судрын Сэдвийн Хөтөч, жагсаалтыг ашиглан иймэрхүү асуултууддаа анхаарлаа хандуулан уриалгын дагуу суралцсанаар энэ нь бидэнд судруудын илүү гүнд орж, илүү сүнслэг мэдлэг олж авах боломжийг олгодог. Энэ арга нь бидний амьдралд урсан орох амийн усны түвшинг нэмэгдүүлдэг.

Эхнээс нь дуустал унших болон сэдвийн дагуу судлах нь судрын эх булгаас амийн усыг олж авах гурав дахь үндсэн аргын урьдчилсан нөхцөл юм. Судрыг эхнээс нь дуустал уншина гэдэг нь үндсэн мэдлэгийг олгодог бол, уриалгын дагуу суралцана гэдэг нь бидний мэдлэгийг улам гүн болгож өгдөг. Илчлэлтүүдийн уялдаа холбоо, загвар болон тодорхой уриалгуудыг судалснаар бидний сүнслэг мэдлэгт нэмэр болж, эхний хоёр арга барилыг нэгтгэж өргөжүүлдэг; мөн авралын төлөвлөгөөний тухай ойлголт болон үзэл баримтлалыг маань тэлж өгдөг.

Миний бодлоор, уялдаа холбоо, загвар болон уриалгуудыг олж илрүүлэхээр хүчин чармайлт гаргах нь Христийн үгэн дээр “хуримлах” гэдгийн нэг хэсэг болж болно. Энэ арга нь сүнслэг эх булгийн үерийн үүдийг нээж, Түүний Сүнсээр дамжуулан бидний ойлголтыг гэрэлтүүлж, өөр ямар ч арга замаар олж авч чадахгүй байсан сүнслэг амлалтыг хүлээн авч мөн ариун судруудад талархах гүн талархалыг бий болгож чадна. Тийм судалгаа нь Эцсийн өдрүүд дэх хорон муу санааны салхийг сөрөн зогсоход тусалж Гэгэлгэгчийнхээ хадан дээр барих боломжтой болгодог.

Би нэгэн чухал зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна. Миний тодорхойлсон аргуудыг ашиглахад хүн эхлээд албан ёсны боловсролтой байх ёстой гэж магадгүй та нар бодож байж болох юм. Энэхүү таамаг чинь шууд хэлэхэд буруу юм. Шударга үнэнийг хайгч хэн боловч боловсролын түвшинээс хамааралгүйгээр эдгээр энгийн аргуудыг амжилттайгаар хэрэгжүүлж чадна. Та бидэнд шашны асар их мэдлэг, туслах материал мөн бусдын сүнслэг мэдлэг шаардлагагүй. Бидэнд зүгээр л сурах чин хүсэл эрмэлзэл, Ариун Сүнсний нөхөрлөл, ариун судрууд болон идэвхитэй сониуч оюун л байх хэрэгтэй.

Бошиглогч Иосеф Смит, бид “судруудыг судалж—нийтэлдэг илчлэлтүүдийг судалж, үнэнийг чамд нээж өгөхийг юунд ч эргэлзэлгүйгээр Бурханаас Түүний Хүү Есүс Христийн нэрээр гуйх ёстой. Хэрэв чи эдгээрийг Түүний алдар суугийн төлөө бүхнээ зориулан, ямар ч эргэлзээгүйгээр хийх аваас Тэр чамд Өөрийн Ариун Сүнсний хүчээр хариулах болно. Тэгэх юм бол чи бусдын амаар биш харин чи өөрөө энэ бүгдийг олж мэдэх болно. Тэгснээр чи Бурханы тухай мэдлэгээрээ хэнээс ч хамааралгүй болох болно“ хэмээн заажээ (History of the Church, 1:282).

Хэрэв та мөн би асууж, хайж, тогшиж, өөрсдийгөө сүнснээс сурахад үргэлж зохистой байлгаж чадвал, сүнсний эх булгийн үүд бидэнд нээгдэж, амийн ус урсан орж ирэх болно. Энэ бол үнэн юм гэдгийг би гэрчилж, батлаж, амлаж байна.

Би одоо уялдаа холбоо, загвар, уриалга гэж юу хэлээд байгаагаа товчхон тайлбарлая.

Уялдаа Холбоо

Уялдаа холбоо бол санаанууд, хүмүүс, юмс эсвэл үйл явдлуудын хоорондын харилцан уялдаа холбоо юм. Судрууд нь уялдаа холбоогоор дүүрэн байдаг. Мөнхийн Эцэг болон Түүний Хүү Есүс Христийн хоорондын харилцаа холбоог бодоод үз. (Мозая 15:1–9-ийг үз); нигүүлсэл болон энэрэнгүй байдлын (2 Нифай 9:8-ыг үз); цэвэр гарт болон цэвэр ариун зүрх сэтгэлт хоёрын хооронд (Дуулал 24:4-ийг үз); харууссан зүрх гэмшсэн сэтгэл хоёрын хооронд (3 Нифай 9:20-ыг үз); арвай болон буудай хоёрын хооронд (С ба Г 101:65-ыг үз); мэдлэг болон оюун хоёрын хооронд (С ба Г 130:18–19-ийг үз); зөвтгөл хийгээд ариусгал хоёрын хооронд (С ба Г 20:30–31-ийг үз); хонь ямаа хоёрын хооронд (Матай 25:32–33-ыг үз); мөнх бус байдал болон мөнхийн амьдрал хоёрын хооронд (Мосе 1:39-ийг үз); гэх мэтчилэн тоолж баршгүй олон байдаг. Тиймэрхүү уялдаа холбоог залбиралтайгаар олж илрүүлэн, тэдний тухай сурч мөн жишээ нь тэдгээрийн харилцаа хамаарлын ижил болон ялгаатай байдлуудыг тунгаан бодох нь амийн усны анхдагч эх сурвалж бөгөөд илчлэгдсэн бодол, нууцлагдмал үнэт мэдлэгийг өгдөг.

Сүмийн жишиг бүтээлүүдийг эхнээс нь дуустал, өөр өөр сэдвийн дагуу суралцаж байхдаа ойлголт гэдэг үг нь дандаа зүрх сэтгэлтэй холбоотой зүйлсийг тодорхойлдог болохыг олж мэдсэн юм. Энэхүү уялдаа холбоог Мормоны Номон дахь хоёр шүлэг илэрхий харуулдаг:

“Та нар ойлгохын тул зүрх сэтгэлээ зориулсангүй; Тиймээс, та нар мэргэн байсангүй” (Мозая 12:27; налуу бичлэг нэмэгдсэн).

“Мөн цугласан олон сонссон мөн нотлон өгүүлдэг билээ; мөн тэдний зүрх сэтгэл нь нээлттэй байж мөн тэд түүний залбирсан тэр үгсийг зүрх сэтгэлдээ ойлгосон болой” (3 Нифай 19:33; налуу бичлэг нэмэгдсэн).

Би ойлголт гэдэг үг нь эхлээд зүрх сэтгэлтэй холбогдсон болохыг эдгээр судрын хэсгүүдэд болон олон өөр хэсгүүдэд олж үзээд маш гайхсан. Биднийг өөрсдийн оюун санаандаа шууд ойлго гэж зөвлөөгүй гэдгийг эндээс ойлгоорой. Мэдээж хэрэг, бид мэдээллийг олж аван үнэлж, зөв дүгнэлт болон шийдвэрийг гаргахын тулд өөрсдийн оюун ухааныхаа хүчин чадлыг ашигладаг. Гэвч судрууд нь бидэнд анд нөхөртэйгөө зөвлөх хийгээд “хүмүүний чадвар нь” (С ба Г 1:19-ийг үз) үнэн ойлголтыг төрүүлэхэд хангалттай биш юм хэмээн зөвлөдөг. Тиймээс, ойлголт хэмээх үг нь сударт гарахдаа цор ганц эсвэл шууд танин мэдэхүй, оюун ухааны ойлголтыг хэлж буй биш юм. Тэгэхийн оронд, бидний оюун санаандаа мэдэж байгаа зүйл маань бидний зүрх сэтгэлд Ариун Сүнсээр баталгаажсан үед бид ойлгодог.

Илэрхийлэлтийн сүнслэг бэлэг нь Ариун Сүнсээр дамжуулагдан бидний оюун санаа зүрх сэтгэлд мэдрэмж болон бодлуудыг төрүүлэх хэлбэрээр голдуу үйлчилдэг (С ба Г 8:2–3; 100:5-8-ыг үз). Бидний үзэл бодол, гэрчлэл толгойноос маань зүрх рүү шилжихэд бидэнд зүгээр л мэдээлэл эсвэл мэдлэг байгаа бус харин бид ойлгож эхлэн зүрх сэтгэлийн агуу өөрчлөлтийг эрэлхийлж эхэлдэг. Ойлголт бол илчлэлтийн үр дүн; энэ бол сүнслэг бэлэг, энэ бол хөрвөлтийн өмнөх алхам бөгөөд энэ нь биднийг сурч буй зарчмуудынхаа дагуу илүү тогтвортой амьдрах зам уруу чиглүүлдэг.

Зүрх сэтгэл болон ойлголтын хоорондох уялдаа холбооны талаарх илчлэлт нь миний сайн мэдээнээс суралцах арга барилд гайхалтайгаар нөлөөлж, Беднар эгч бид хоёрын өөрсдийн хүүхдүүд, ач гуч нарт заах арга барилд маань мөн эерэгээр нөлөөлж миний санваарын үйлчлэлд түлхэлт өгсөн юм.

Загварууд

Загвар гэдэг бол ямар нэгэн юмыг дахин давтан хийхэд ашигладаг төлөвлөгөө, загвар буюу жишиг юм. Судрууд бол сүнслэг загваруудаар дүүрэн байдаг. Ерөнхийдөө, судруудын загварууд нь уялдаа холбоог бодвол илүү өргөн, илүү ойлгомжтой. Сургаал ба Гэрээ Номноос бид сайн мэдээг номлох (С ба Г 50:13–29-ийг үз), хууран мэхлэлтээс зайлсхийх ( С ба Г 52:14, 18–19-ыг үз), ариун сүмүүдийг барих талаар (С ба Г 115:14–16-г үз), хотуудыг байгуулах талаар (С ба Г 94-ийг үз), санваартнуудын чуулгуудыг (С ба Г 107:85–100-г үз) мөн дээд зөвлөлүүдийг байгуулах талаар (С ба Г 102:12-ыг үз), мөн өөр олон янзын зорилгуудын загваруудыг харж болно. Судрууд дахь загваруудыг олж илрүүлэн суралцах нь амийн усны өөр нэгэн эх үүсвэр бөгөөд биднийг Их Эзэний оюун санаа болон мэргэн ухаантай илүү танил болоход тусалдаг (С ба Г 95:13-ыг үз).

Би Сургаал ба Гэрээг эхнээс нь дуустал уншиж мөн сэдвүүдийн дагуу суралцах явцдаа номлогчдын асуултуудад өгсөн Их Эзэний олон хариултуудад тодорхой харагдах загварыг үзээд миний сэтгэл ихэд догдолсон. 1831 онд сайн мэдээг заахаар дуудагдсан өөр өөр бүлэг ахлагч нар ямар замаар, яаж аялах хэрэгтэй талаараа мэдэхийг хүссэн. Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгсөн илэрхийлэлтэд Их Эзэн тэдгээр ах нарт тэд газраар болон усан дээгүүр аялахыг зөвлөсөн (С ба Г 61:22-ыг үз), тэд өөрсдөдөө шаардлагатай тээврийн хэрэгслийг худалдан авах буюу хийж болох (С ба Г 60:5-ыг үз), тэд хоёр хоёроороо эсвэл бүгдээрээ хамт аялаж болохыг (С ба Г 62:5-ыг үз), мөн тэд өөр өөр зүгт аялах нь тохиромжтой (С ба Г 80:3-ыг үз) талаар хэлсэн байдаг. Тус илчлэлт нь ах нарыг эдгээр шийдвэрийг “өөрсдөдөө сайн гэж бодсоноороо” (С ба Г 60:5; 62:5 үз) эсвэл “өөрсдийнх нь шүүлтүүдийн дагуу” (С ба Г 61:22) мэдүүлэгдэж болохыг зааварласан. Тохиолдол тус бүрд Аврагч “Энэ надад хамаагүй” хэмээн хэлсэн байдаг (С ба Г 60:5; 61:22; 62:5; 63:40; мөн 80:3-ыг үз).

Их Эзэний “надад хамаагүй” хэмээн хэлсэн нь эхэндээ сонин санагдаж болох юм. Тодорхойгоор хэлэхэд, Их Эзэн үнэндээ тэдгээр номлогчдын юу хийж буй нь Түүнд хамаагүй гэж хэлээгүй юм. Түүний оронд, Тэр эхэнд байх зүйлсийг эхэнд тавихийн чухлыг онцлон хэлсэн юм. Энэ тохиолдолд бол томилогдсон газартаа очиж ажлаа эхлүүлэх тухай хэлсэн байна. Тэд итгэлээрээ дамжуулан, зөв шийдвэр гаргаж, Сүнсний зааврын дагуу үйлдэл хийж, томилогдсон газар уруугаа аялах зөв замыг сонгох хэрэгтэй байсан. Тэдний гүйцэтгэхээр дуудагдсан ажил нь чухал шаардлагатай байсан; тэнд хэрхэн хүрэх нь чухал байсан ч тийм онц шаардлагатай байгаагүй.

Энэ нь та бид бүгд амьдралдаа хэрэгжүүлж болох ямар гайхалтай загвар вэ. Есүс Христ биднийг мэддэг мөн Тэр бидэнд нэг бүрчлэн хайртай. Тэрээр бидний сүнсний өсөлт хөгжлийн талаар санаа зовж байдаг тул Тэрээр өдөөгдсөн, зөв шударга, ухаалаг шүүлт хийж байхыг биднээс хүсдэг. Гэтэлгэгч биднийг хэзээ ч ганцаар орхихгүй. Бид үргэлж удирдамж болон чиглэл хүсэн залбирах хэрэгтэй. Мөн бид үргэлж Ариун Сүнсийг хамт байхыг хүсэх хэрэгтэй. Гэвч хэрэв бидний чиглэл хайн тусламж эрсэн гуйлтын хариултууд хурдан тэр даруйдаа ирэхгүй бол бид сэтгэлээр унаж, шантрах хэрэггүй. Тиймэрхүү хариултууд нь нэг дор ирэх нь ховор байдаг юм. Хэрэв хариулт бүхэн итгэл, хөдөлмөр, суралцах болон шаргуу байдал шаардахгүйгээр тэр даруйдаа өгөгддөг байсан бол бидний шүүлт хийх чадвар сул, бидний хөгжил дорой байх байсан.

Миний тодорхойлох гэж буй загварыг тэдгээр эртний номлогчдод өгөгдсөн дараах зааваруудад тодорхойгоор дүрсэлсэн байна:

“Хэрэв та нарын дотроос хэн нэгэн чинь мориор, луусаар, эсвээс сүйх тэргээр явахыг хүсэх аваас Их Эзэн бибээр зөвшөөрч бэлэн байна, хэрэв тэрээр үүнийг Их Эзэний гараас, бүх зүйлүүдэд талархах сэтгэлээр хүлээн авбал, тэрээр энэхүү адислалыг хүлээн авах болно.

Шийдвэр хийгээд Сүнсний чиглүүллүүдийн дагуу эдгээр зүйлүүдийг хийх нь та нарт үлдэх авай.

“Болгоогтун, хаант улс та нарынх бөлгөө. Мөн болгоогтун, мөн харагтун, бибээр итгэлтнүүдтэй ямагт хамт байна. Бүр тийм буюу. Амен” (С ба Г 62:7–9; налуу бичлэг нэмэгдсэн).

Энэхүү үйл явдлын гол зарчим нь морьд, луус эсвэл сүйх тэрэг ч биш; харин, талархал, шүүлт болон итгэлтэй байдал юм. нь: (1) Бүх зүйлд талархалтай байх; (2) Сүнсний шийдвэр, чиглэлийн дагуу үйлдэл хийх; мөн (3) Аврагч бол итгэлтэй хүмүүстэй үргэлж хамт байдаг гэдэг нь энэ загварын үндсэн элементүүд юм. Зөв шударга өдөөгдсөн шийдвэрийг гаргахад маань туслах энэхүү энгийн загварыг ашигласнаас ирэх чиглэл, баталгаа, шинэчлэгдэн сэргээгдсэн эрч хүчийг бид мэдэрч эхэлж байна уу? Үнэхээр, судар дахь загварууд нь амийн усны үнэт эх үүсвэр юм.

Хамгийн хүч хөдөлмөр шаардсан сайн муу хоёрын хооронд эсвэл сонирхолтой болон сонирхолгүй ялгаатай шийдвэрийг бид хаяахан гаргадаг. Ихэнхдээ, бидний хийдэг хамгийн хэцүү сонголт бол хоёр сайн зүйлийн хооронд хийх сонголт юм. Энэхүү судрын түүхэнд морьд, луус болон сүйх тэрэг нь номлогчдын аялалд харилцан адилгүй үр дүнтэй сонголтууд байж болох юм. Үүнтэй ижил нь, та бид бас амьдралынхаа өөр өөр цаг үед сонгоод даган мөрдөж болох нэгээс илүү боломж эсвэл сонголт бидэнд байгааг олж хардаг. Иймэрхүү чухал шийдвэр гаргах үедээ бид судрын энэхүү загварыг санах нь зүйтэй. Бүхнээ зориулсан шавийн холбоо бий болгож, гэрээгээ хүндэтгэж, зарлигуудыг дагах зэрэг амьдралынхаа чухал зүйлсийг нэгдүгээрт тавьснаар—бид тэнгэрлэг гэр рүү маань буцаан аваачих тэр зам дээр сүнсний өдөөлт болон хүчтэй шийдвэр гаргах чадвараар адислагдах болно. Хэрэв бид чухал зүйлсийг нэгдүгээрт тавих юм бол, бид “буруу тийш явахгүй” (С ба Г 80:3-ыг үз).

Уриалгууд

Уриалгууд нь бүгдийг хамарсан, бидэнд дахин дахин тохиолддог, шинж чанар болон санаануудыг нэгтгэсэн нэгэн чухал утас бүхэл номын турш сүлжилдэн явсан мэт байдаг. Ерөнхийдөө, судруудын урианууд нь загвар болон уялдаа холбооноос илүү өргөн цар хүрээтэй. Бодит хэрэг дээр, уриалга нь улядаа холбоо болон загваруудыг ойлгоход цаад утга санаа нь болж өгдөг. Судруудын уриалгыг судлан хайж олох нь биднийг авралын үндсэн сургаал болон зарчмууд уруу—мөн Ариун Сүнсний баталгаатай гэрчлэлийг урьдаг мөнхийн үнэн рүү хөтөлдөг (1 Иохан 5:6-г үз). Судрын эх булагаас амийн усыг гарган авах энэ арга нь хамгийн анхаарал шаардсан нарийн ажил бөгөөд; энэ нь мөн хамгийн гайхалтай сургамж болон сүнслэг сэргэлтийн үүд хаалгыг нээдэг. Судрууд нь хүчирхэг уриалгуудаар дүүрэн байдаг.

Жишээ нь, Мормоны Ном нь энэ үед “Өөрийгөө бүх үндэстнүүдэд үзүүлэх тэр Есүс бол Христ, Мөнхийн Бурхан хэмээн Иудей болон Харийнханд итгүүлэхийн” тулд ирсэн. (Мормоны Номын Удиртгал хэсэг). Мормоны Номын хамгийн чухал, байнга давтагддаг уриалга нь “Христэд ир, тэгээд Түүнд төгөлдөржигтүн” гэсэн урилга юм. (Моронай 10:32). Сургамжууд, анхааруулга, сануулга болон энэхүү гайхамшигт сударт багтсан түүхүүд нь Есүс Христ бол бидний Аврагч болон Гэтэлгэгч гэдэг дээр төвлөрч, үүнийг мөн гэрчилдэг.

Мормоны Номыг ашиглан хэдэн чухал уриалгын талаар би нэмэлт жишээнүүдийг хуваалцъя:

“Хэрэв . . . хүмүүний үрс Бурханы зарлигуудыг дагавал Тэрээр тэднийг асран, мөн тэднийг хүчирхэгжүүлж, бас өөрийн тэдэнд зарлигласан зүйлийг гүйцэлдүүлж чадах тэдгээр арга замуудыг хангаж өгөх бөлгөө.” (1 Нифай 17:3).

“Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой” (2 Нифай 31:20).

“Тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” (2 Нифай 2:25).

“Их Эзэний хүчинд та бүх зүйлийг хийж чадна” (Aлма 20:4).

“Ёсон бус гэдэг нь хэзээ ч аз жаргал байгаагүй юм” (Алма 41:10).

Хэрэв та нар шоолохгүй гэж амлах юм бол би судруудын уриалгыг хайж олдог өөрийн энгийн аргуудын нэгийг хэлж өгье. Энэхүү аргыг хэрэглэхийг би санал болгож эсвэл зөвлөхгүй; Ижил үр дүнд хүрэхийн тулд өөр өөр хүмүүс өөр өөр ялгаатай арга барилтай байдаг. Би зүгээр л надад илүү сайн тохирдог үйл явцыг энгийнээр тодорхойлон хэлж байна.

Саяхан үг хэлэх даалгавартаа бэлтгэж байх зуураа, би сүнсний тухай болон цугларах зорилгын талаар ярих сэтгэгдэл төрлөө. Цугларах зарчмын талаар Ахлагч Рассел М.Нелсоны саяхны нэгэн чуулган дээр хэлсэн үгнээс суралцаж, тунгаан бодсоор байсан юм (2006 оны ес- аравдугаар сарын Чуулганы Тайлан, 83–87; эсвэл, 2006 оны арваннэгдүгээр сарын Ensign, 79–82), Мөн тухайн уриалга нь миний авсан даалгаварын мөн чанартай төгс зохицож байлаа. (The Spirit and Purposes of Gathering [address delivered at a BYU–Idaho devotional-ийг үз, 2006 оны 10-р сарын 31]).

Судруудаас цугларах тухай олон зүйл сурах хэрэгтэй юм байна гэдгээ би ойлголоо. Тиймээс би бүх судрууд болон сүмийн бусад жишиг бүтээлүүдээс цуглах гэсэн үгийн ямар нэгэн хэлбэр орсон бүх хэсгүүдийг тодруулж, хувилж авсан юм. Тэгээд дараа нь би судар бүрийг уншиж, уялдаа холбоо, загварууд болон уриалгуудыг хайлаа. Би уншиж эхлэхээсээ өмнө юу хайж байгаагаа төлөвлөчихсөн байгаагүй гэдгийг анхаарах нь чухал. Би Ариун Сүнсний тусламжийг эрэлхийлэн залбираад л зүгээр уншиж эхэлсэн.

Би цугларах тухай өгүүлсэн судруудыг уншаад, ижил төстэй хэлц үг эсвэл онцлон хэлж буй утга санааг өнгийн харандаагаар тодрууллаа. Бүх холбогдох судруудыг уншаад дууссаны дараа зарим шүлгүүд нь улаан, зарим нь ногоон, зарим нь бусад өнгөөр будагдсан байлаа.

Одоо, та нарын инээдийг хүргэх хэсэг ирлээ. Би дараа нь өнгөөр тодруулсан судруудыг хайчлан аваад өнгө өнгөөр нь ялган өрдөг юм. Энэ үйл явцын эцэст улаанаар тодруулан будсан судруудын том овоо, ногооноор тодруулсан судруудын том овоо гэх мэтчилэн үүссэн байв. Тэгээд би дараа нь том овоонуудыг дотор нь жижиг хэсгүүд болгон хуваалаа. Нэгдүгээр ангид байхаасаа л би хайчаар юм хайчилж, тэднийг овоолон тавихдаа их дуртай байсан байх!

Энэхүү үйл явцын үр дүн нь надад цугларах тухай гайхалтай зарчмуудыг заасан юм. Жишээлбэл, би том овоолгуудаа шалгаж байхдаа судрууд нь цугларах талаар, цугларах болсон зорилго, цуглах газар болон төрлүүд мөн цугларснаар ирэх адислал гэсэн дор хаяж дараах гурван зүйлийг илэрхийлдэг болохыг сурсан юм.

Цугларахын гол зорилгуудад шүтэн бишрэх (Мозая 18:25-ыг үз), заавар зөвлөгөө хүлээн авах (Мозая 18:7-г үз), Сүмийг бий болгох (С ба Г 101:63–64-г үз), мөн хамгаалалт болон эсэргүүцэл үзүүлэх (С ба Г 115:6-г үз) зэрэг нь багтдаг. Би цугларах газрууд болон тэдний төрлүүдийн талаар суралцаж байхдаа, бид мөнхийн гэр бүл рүүгээ (Мозая 2:5-ыг үз), дахин сэргээгдсэн Сүм рүү (С ба Г 101:64–65-ыг үз), Сионы гадаснууд уруу (С ба Г 109:59-ийг үз), ариун сүмүүд рүү (Алма 26:5–6-г үз), мөн хоёр гайхалтай төвүүд рүү: Хуучин Иерусалим ( Ифер 13:11-ийг үз) мөн Сион хот буюу Шинэ Иерусалим уруу (С ба Г 42:9; Итгэлийн Тунхаг 1:10-ыг үз) цугладаг болохыг олж мэдсэн юм. Би эдгээр сургамж (Ефес 4:12–13-ыг үз), хамгаалалт (Мосе 7:61-ийг үз), мөн хүч чадлууд нь (С ба Г 82:14-ыг үз) цугларахын адислал болохыг сурч авсандаа баяртай байсан.

Энэхүү үйл явцаар дамжуулан би цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн сэргээлтийн хамгийн чухал хэсэг болох цугларалтын сүнсэнд талархах талархлаа нэмэгдүүлсэн юм. Цугларалтын талаар юу сурсан талаараа би дахин ярихгүй; Судар дахь уриалгыг эрэлхийлэх арга замуудын нэгийг товчхон дүрслэх нь өнөөдрийн миний зорилго байлаа.

Бидний Хүлээн Авч Чадах Адислалууд

Агуу гайхалтай судруудыг уншиж, судалж, тэднээс суралцснаар бид мэдлэг, ойлголт, илэрхийлэлт болон сүнслэг сэтгэл хөдлөл баяр хөөрийг хүлээн авах болно. “Христийн үгэн дээр хуримлах” (2 Нифай 31:20) нь сургамжтай, сэтгэл хөдөлгөм мөн тааламжтай юм. Үг бол сайн, “учир нь энэ нь бодгалийг минь тэлж эхлэв, тийм ээ, энэ нь ойлголтыг минь гэгээрүүлж эхлэв, тийм ээ, энэ нь надад амтат байх болж эхлэв” (Алма 32:28). “Болгоогтун тэдгээр нь бичиглэгдсэн, тэдгээр нь та нарт өмнө чинь байна, тиймийн тул, тэдгээрийг судал” (3 Нифай 20:11), мөн тэд “тэр ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно” (Иохан 4:14).

Өнгөрсөн он жилүүдийн турш би өөрийн хувийн уншлага, суралцалт болон судалгаандаа Есүс Христийн Цагаатгалын сургаал дээр олон удаа төвлөрч байсан. Миний 54 жилийн мөнх бус амьдралын минь туршид Цагаатгалын сургаалын тухай дахин дахин уншиж, гүн гүнзгий судалж түүнтэй хамааралтай уялдаа холбоо, загвар, уриалгуудыг хайн суралцснаас өөр ямар ч үйл явдал, мэдлэг, нөлөөлөл илүүтэйгээр надад нөлөөлөөгүй билээ. Он цагийн туршид энэхүү гол, аврагч сургаал нь тэнгэрээс буух шүүдэр мэт миний сэтгэлд бууж; миний бодол санаа, үгс болон ажил хэрэгт маань нөлөөлж (Мозая 4:30 үз); үнэнийг хэлэхэд миний хувьд амийн усны худаг болсон юм.

Лихайн Үзэгдэл

Судруудыг унших, суралцах, болон судлахын ач холбогдол нь Лихайгийн үзэгдлийн амьдралын модны хэдэн елемент дээр онцлон дурдагдсан байдаг.

Эцэг Лихай хэд хэдэн хэсэг хүмүүс модонд хүрч жимснээс хүртэхийн тулд нарийн бөгөөд шулуун замаар урагшилж байхыг харсан. Хэсэг тус бүрийн хүмүүс нүглээ наманчлан, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авснаар энэхүү зам дээр гарч ирсэн билээ ( 2 Нифай 31:17-20 үз). Амьдралын мод нь түүний түүхэн дэх гол дүр бөгөөд 1 Нифай 11-д Есүс Христийг төлөөлж байгаа тухай гардаг. Модонд ургасан жимснүүд нь Аврагчийн Цагаатгалын адислалуудыг бэлэгдсэн юм. Сонирхолтой нь, Мормоны Номын гол урилга болох бүгдийг Христэд ирэхийг урих гэдэг нь Лихайн үзэгдлийн гол цөм нь юм. Мод уруу хөтөлж буй төмөр бариул нь онцгой сонирхолтой байлаа (1 Нифай 8:19-ийг үз). Төмөр бариул нь Бурханы үг юм.

Бид 1 Нифай 8-р бүлгийн 21-ээс 23-р шүлгүүдэд амьдарлын мод уруу хөтлөгч зам дээр алхаж эхэлсэн хэсэг хүмүүсийн тухай суралцдаг. Ямартай ч, тэдгээр хүмүүс чөтгөрийн уруу таталтыг төлөөлж буй харанхуй манан дунд ороод (1 Нифай 12:17 үз), замаа алдан, хэрэн хэсүүчилсээр төөрөн алга болдог.

Эдгээр шүлгүүдэд төмөр бариулын талаар огтхон ч дурдаагүй байгааг анхаарах нь чухал. Бурханы үгсийг үл ойшоож, хайнга ханддаг хүмүүст Аврагч уруу очих замыг чиглүүлэгч тэрхүү тэнгэрлэг луужин ажиллахаа болино. Тэр хэсэг хүмүүс зам дээр гарч ирээд урагш алхалж, Христэд итгэх итгэлээ харуулж, сүнслэг итгэл үнэмшилтэй байсан боловч, тэд чөтгөрийн уруу таталтуудаар өөр тийш хөтлүүлэн төөрчээ.

Бид 8-р бүлгийн 24-өөс 28-р шүлгүүдэд амьдралын мод уруу хөтлөх нарийн бөгөөд шулуун зам дээр гарсан хоёрдахь бүлэг хүмүүсийн талаар уншдаг. Энэ бүлэг хүмүүс харанхуй манан дундуур урагшилсаар модны жимснээс хүртэх хүртлээ төмөр бариулын үзүүрт хүрэн барьж байсан. Хэдий тийм боловч энэхүү хоёрдахь бүлэг хүмүүс агуу бөгөөд нүсэр барилга доторх хүмүүс тэднийг элэглэн шоолсны дагуу тэд машид их ичин замаасаа гарч хориглогдсон зам уруу алдуурч мөн төөрчээ. Энэ бүлэг хүмүүс төмөр бариулын үзүүрт хүрэн барьсан байсан гэж тодорхойлогдож байгааг анхаарна уу.

Хоёр дахь бүлэг хүмүүс итгэлтэй шийдэмгий байж урагшилсаар байсан нь гайхалтай. Мөн тэдэнд төмөр бариул хэмээх нэмэлт адислал байсан бөгөөд тэд үүнээс зуурсаар байсан! Гэвч тэд хавчлага, саад бэрхшээлтэй тулгармагцаа замаасаа хазайн унаж төөрсөн. Энэхүү бүлэг хүмүүс маань итгэлтэй, шийдэмгий, мөн Бурханы үгстэй байсан ч тэд төөрсөн—магадгүй тэд зөвхөн хааяа л судруудаас уншиж, судалж байсан байх. Төмөр бариулаас сулхан барина гэдэг нь Бурханы үгэнд байнга уусдаг биш зөвхөн үе үехэн болдог “дэлбэрэлт” мэт суралцдаг эсвэл тогтмол бус хааяахан дүрж буй мэт надад санагддаг.

30-р шүлгэн дээр бид модон дээр очин жимснээс хүртэх хүртлээ төмөр бариулаас үргэлж тууштай зуурсаар урагш алхалсан гуравдагч бүлэг хүмүүсийн талаар уншдаг. Энэ шүлэг дээр гарч буй түлхүүр үгс нь “үргэлжлүүлэн чангаар атгах”.

Гурав дахь бүлэг хүмүүс итгэл шийдэмгий байдалтайгаар урагшилсан; хэдий тийм боловч тэднийг хэрэн тэнүүчилж, хориглогдсон зам уруу унасан эсвэл төөрсөн гэсэн шинж тэмдэг байхгүй байна. Магадгүй энэ гуравдахь бүлгийн хүмүүс Христийн үгсийг тогтмол уншиж, түүнээс суралцаж судалдаг байсан болов уу. Магадгүй амийн усны байнгын урсгал нь гуравдахь бүлэг хүмүүсийг алдууран алга болохоос аварсан байх. Энэ л бүлэгт та бид бүгдээрээ нэгдэхийг зорих хэрэгтэй.

“Бидний эцэгийн үзсэн, уг модны зүг удирдсан тэр төмөр бариул ямар утгатай вэ?

“Мөн би тэдэнд хандан энэ нь Бурханы үг байсныг хэлэв; мөн Бурханы үгийг дуулах, мөн үүнээс зууран барих хэн боловч, тэд хэзээ ч эрсдэх нь үгүй; бас хортны уруу таталтууд мөн галт сумнууд, тэднийг сүйрэл уруу удирдахаар тэднийг сохлон давамгайлах нь ч үгүй” (1 Нифай 15:23–24; налуу бичлэг нэмэгдсэн).

За тэгвэл төмөр бариулаас сулхан тууштай зуурах хоёрын хоорондын ялгаа нь юу вэ? Энэ үдэш бидний ярилцсан амийн уснаас уух гурван замыг байнга мөн залбиралтайгаар ашиглахыг төмөр бариулаас зууран барьж байх нь шаарддаг гэдгийг би та нарт хэлмээр байна.

“Мөнхүү улиран тохиох дор миний эцгийн үзсэн тэр төмөр бариул нь Бурханы үг байсныг би мэдэв. Тэр нь амьдралын усан оргилуур уруу буюу амьдралын мод уруу удирдсан болой” (1 Нифай 11:25).

Судруудыг эхнээс нь дуустал унших, сэдвийн дагуу суралцах болон уялдаа холбоонууд, загварууд, уриалгуудыг хайх эдгээр бүх аргууд нь сургамжтай, зөвлөмжтэй, мөн Аврагчийн амийн усны нэгээхэн хэсгээс өгөх болно. Энэхүү гурван аргыг байнга хэрэглэснээр амийн усны илүү тогтмол урсгалыг бий болгож, төмөр бариулаас тууштай зуурах гэдэг нь ямар утгатай болохын томоохон хэмжүүр болно.

Өдөр тутмын жирийн үйл ажилагаагаараа бид бие махбодынхоо чухал хэмжээний усыг алддаг. Цангаа нь бие махбодын эсийн усны хэрэгцээ бөгөөд, бидний биеэн дэх ус нь өдөр тутуам нөхөгдөн нэмэгдэж байх ёстой. Удаан хугацааны шингэн алдалтын хооронд хааяа л усаар “дүүргэнэ” гэдэг нь үнэндээ утгагүй асуудал юм. Сүнслэг зүйлийн хувьд ч энэ нь адилхан. Сүнслэг цангаа гэдэг нь амийн усны хэрэгцээ шаардлага билээ. Амийн усны байнгын тогтмол урсгал нь хааяа тохиолдлын балгалтаас хамаагүй илүү давуу зүйл юм.

Биднийг төмөр бариулаас тууштай зуурах боломжтой болгохуйцаар би болон та нар өдөр тутам судруудаа уншиж, тэднээс суралцаж, судалж байна уу—эсвэл та нар болон би арай гэж үзүүрээс нь барьж байна уу? Та бид нар Бурханы үгс дээр тулгуурлан амийн усны оргилуур тийш урагш тэмүүлж байна уу? Эдгээр асуултууд нь бид бүгдээрээ тус тусдаа залбиралтайгаар тунгаан бодох чухал асуултууд юм.

Энэ үдэшийн төгсгөлд бид “Төмөр бариул” хэмээх дууг дуулах болно. Үнэндээ, энэхүү зөв шударгачуудын дуу нь надад хандсан чин сэтгэлийн залбирал билээ (С ба Г 25:12-ыг үз). Бидэнд энэхүү дууллын заах хичээлүүдийг сонсох чих байх болтугай.

Би Есүс Христийг болон Түүний үгсийн хүч чадлыг гэрчилж байна. Тэр бол Мөнхийн Эцэгийн Хүү бөгөөд Тэр амьд гэдгийг би мэднэ. Төмөр бариулаас тууштай зуурах нь Түүний амийн ус уруу хөтлөх болно гэдгийг би гэрчилж байна. Төмөр бариулаас зуурах хүсэл, хүчин чадал томрон өсч, та нарын Аврагчид итгэх итгэл айдсыг чинь орлон өсөн нэмэгдэж, судрын эх булгийн гүнээс та нар уух тусам Түүнийг таньж мэдэх болтугай хэмээн Түүний үйлчлэгчийн хувьд би та нарт ерөөж байна. Бид үргэлж үүнийг санаж байх болтугай.

Уруу таталт их болох цагт,
Зам харгуй бүдгэрнэ,
Бариулаас сайн барьж явж чадваас,
Бидэнд тэнгэр тусална.
(Дуулал. 274)

Есүс Христийн ариун нэрээр, амен.

 
Arrow icon acting as a button to Previous Page Previous      
© 2008 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy