Порнограф
Би хүүхэдтэйгээ эрүүл бэлгийн харьцааны талаар хэрхэн ярилцах вэ?


“Би хүүхэдтэйгээ эрүүл бэлгийн харьцааны талаар хэрхэн ярилцах вэ?” Эцэг эхчүүдэд зориулсан тусламж (2021)

“Би хүүхэдтэйгээ эрүүл бэлгийн харьцааны талаар хэрхэн ярилцах вэ?” Эцэг эхчүүдэд зориулсан тусламж

Зураг
гадаа алхаж буй гэр бүл

Би хүүхэдтэйгээ эрүүл бэлгийн харьцааны талаар хэрхэн ярилцах вэ?

Олон эцэг эх хүүхдүүдтэйгээ бэлгийн харьцааны талаар ярилцахаас эргэлзэх юм уу ичдэг эсвэл энэ сэдвээр ярих нь тэдний бэлгийн дур хүслийг өдөөнө гэж эмээдэг. Хэрэв та хүүхдүүдтэйгээ бэлгийн харьцааны талаар ярилцахгүй юм бол тэд энэ талаар өөр эх сурвалжаас олж мэдэх нь гарцаагүй. Та эрүүл бэлгийн харьцаа зэрэг чухал сэдвүүдээр хүүхдүүдтэйгээ тогтмол ярилцдаг байвал тантай ярилцахад амар, аюулгүй гэж ойлгоход нь тэдэнд туслах болно.

Ихэнх хүүхэд сониуч байдаг төдийгүй өөрсдийн мэдэрч буй Бурханы өгсөн, байгалиас заяасан мэдрэмжүүдийг ойлгохыг хүсдэг. Та хүүхдүүдийнхээ насан дээр ямар байснаа санаснаар, тэдэнтэй бэлгийн харьцааны тухай ярилцахад бэлдэж болно. Танд ямар мэдрэмж төрдөг байсан бэ? Та юуны тухай бодож, юунд санаа зовж, юу асуухыг хүсдэг байсан бэ? Та хаанаас мэдээлэл хайж байсан бэ? Тэр үед юуг заалгаж, юуны тухай сонссон ч байсан болоосой гэж та одоо хүсэж байна вэ?

Та иймэрхүү ярилцлагыг хэрхэн хамгийн зөв өрнүүлэх вэ гэж эргэлзэж байгаа бол санаа зовох хэрэггүй. Та хүүхдүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэхийн тулд өөрийн дутагдалтай талыг ярьж болно. Таныг шударга байж, үнэн сэтгэлээсээ харилцах үед танд хэчнээн эвгүй байсан ч хүүхдүүд таны хайрыг мэдрэх болно.

Нээлттэй харилцаа үүсгэхийн тулд та дараах зүйлсийг хийж болно. Үүнд:

  • Хүүхдүүдээ багаас нь эхлээд биеийн хэсгүүдийг зөв нэрлэдэг болгож сурга. Энэ нь биеийнх нь талаар заахаас гадна, эрүүл чийрэг байж, мэдээлэлтэй байхад хэрэг болох хэллэг, нэршлийг хүүхдүүдэд заадаг.

  • Юуны ч тухай асууж болно гэдгийг хүүхдүүддээ ойлгуулсны дараа, асуулт тавих эсвэл гэм буруугаа хүлээхэд нь хэт сүржин хүлээж авах юм уу ичгэвтэр байдалд оруулахгүй байхыг хичээ. Тантай ярилцаж байгаад нь баярлаж, хайр, дэмжлэгээ үзүүлэн, харилцаагаа үргэлжлүүлэхийн тулд чадах бүхнээ хий.

  • Бэлгийн харьцааны тухай зүйрлэл ашиглахаас зайлсхий. Хүүхдүүдэд ойлгомжтой, шулуун шударга арга замаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Жишээ нь, зарим өсвөр үеийнхэн ариун явдлын хуулийг зөрчихийг зажилсан бохь юм уу өрөөнд байгаа хүмүүсийн хоорондоо дамжуулж идсэн хоол зэрэг хэн ч тоохооргүй болсон зүйлстэй зүйрлэсэн хичээлийн тухай хэлдэг. Иймэрхүү зүйрлэлийн утга санаа нь зөв хэдий ч ихэвчлэн бэлгийн харьцаанаас айх юм уу үнэ цэнгүй, итгэл найдваргүй мэдрэмжийг төрүүлдэг.

  • Гэр бүлийн үдшээр бэлгийн харьцаатай холбоотой сэдвээр ярилц мөн хүүхдүүдээ бэлэн болсон гэж бодож байвал тэднээр хичээл заалга. Эдгээр сэдэвт бэлгийн бойжилт, бие бялдар, бэлгийн харьцааны эерэг талууд багтаж болно.

  • Бэлгийн дур хүсэл төрөх, сэрэл хөдлөх зэрэг мэдрэмж хэвийн зүйл болох талаар ярилц. Хүүхдүүд эдгээр мэдрэмж, мэдрэхүйгээ үйлдэл болгох хэрэггүй, харин эдгээрийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ нь бэлгийн дур хүслийг анзаарч мэдэхээс биш, сөргөөр шүүн тунгаах ёсгүй гэсэн үг юм. Анхаарал болгоомжтой байх талаар дадлага хийх нь хүүхдүүдэд үнэ цэн, зорилготойгоо нийцэх илүү сайн сонголт хийхэд нь тусалж чадна гэдгийг судалгаа харуулдаг.

  • Хүүхдүүд өөрийнхөө биеийг оролдсоноо эсвэл өсвөр үеийнхэн гар хангалга хийснээ хэлэх үед тэднийг уурлаж загнахгүй, жигшихгүй байхыг хичээгээрэй. Иймэрхүү үйлдэлд хандах эцэг эхийн хандлага хүүхэд, өсвөр үеийнхэнд өөрсдийнхөө болон бэлгийн байдлынхаа талаар ямаршуу мэдрэмжтэй болоход нөлөөлдөг.

  • Үерхэл нөхөрлөл, бэлгийн харьцаатай холбоотой жишгүүдийн утга учир, шалтгааныг хүүхдүүддээ заа. Та уг жишгүүдийн талаар болон эдгээр нь яагаад үнэ цэнтэй байдаг шалтгааны талаар заахдаа тэдэнд ичгүүр, айдас төрүүлэхгүй байх нь чухал гэдгийг санаарай.1

Эх сурвалж

  1. Laura M. Padilla-Walker and Meg O. Jankovich, “How, When, and Why: Talking to Your Children about Sexuality” нийтлэлээс гол утга санааг эш татаж, оруулав, Liahona, Aug. 2020 .