Ерөнхий чуулган
Гуй, эрэлхийл, тогш
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Гуй, эрэлхийл, тогш

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг бол бид хүссэн үедээ Түүнтэй харилцах боломж юм.

Дөрвөн сарын өмнө судруудыг судлах үедээ би Алмагийн Аммонайха дахь номлолын талаар уншиж байгаад, Ирээд, Намайг дага гарын авлага дээрх “Та Бурханы Нифайн хүмүүст өгсөн агуу адислалуудын талаар уншихдаа Түүний танд өгсөн агуу адислалуудын талаар тунгаан бодно уу”1 гэсэн зөвлөмжийг олж харсан (Aлма 9:19–23-ыг үзнэ үү). Би Бурханы надад өгсөн адислалуудыг жагсааж, гарын авлагын цахим хувилбар дээр бичиж тэмдэглэхээр шийдсэн юм. Хэдхэн минутын дотор би 16 адислалыг жагсаасан байлаа.

Тэдгээрээс хамгийн чухал нь Аврагчийн миний төлөө үйлдсэн цагаатгагч золиос болон нигүүлслийн агуу адислалууд байв. Би түүнчлэн Португалд залуу номлогчийн хувьд Аврагчийг төлөөлж байсан тэрхүү адислалаа болон дараа нь хайртай мөнхийн хань Патришагийнхаа хамт Бразилын Порто Алэгрэ Өмнөд Номлолд гайхалтай хүчирхэг 522 номлогчид үйлчилсэн адислалаа бичсэн. Патриша гэснээс, тэр өдөр миний бичиж тэмдэглэсэн адислалууд Патриша бид хоёрын гэр бүл болоод 40 жилийн турш хамтдаа хүртсэн адислалууд юм. Эдгээр адислалд Бразилын Сан-Пауло ариун сүмд холбогдсон бидний лацдан холболт, гайхалтай гурван хүүхэд, тэдний хань болон 13 ач зээ маань багтдаг.

Түүнчлэн намайг сайн мэдээний зарчмуудаар өсгөсөн зөв шударга эцэг эхийнхээ талаар би бодсон. Ялангуяа хайрт ээж маань намайг 10 орчим настай байхад надтай хамт миний орны хажууд өвдөг сөгдөн залбирч байсан үеийг би санасан юм. Хэрвээ би залбирлуудаа Тэнгэр дэх Эцэгт хүргэхийг хүсэж байвал залбирлуудаа сайжруулах хэрэгтэй гэдгийг ээж маань мэдэрсэн байх. Иймээс ээж маань “Би эхлээд залбиръя, харин намайг залбирсны дараа, чи залбираарай” гэж хэлдэг байлаа. Ээж маань намайг зарчим, туршлагаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй хэрхэн ярихыг сурч мэдсэн гэдэгт итгэх хүртлээ энэ хэв маягаар олон шөнө үргэлжлүүлэн үйлдсэн. Тэнгэрлэг Эцэг миний залбирлуудыг сонсож, хариулдаг гэдгийг би сурсан учир залбирахыг зааж өгсөн ээждээ үүрд талархах болно.

Чухамдаа энэ нь Их Эзэний хүслийг сонсож, сурч мэдэх бэлэг гэгдэн жагсаалтад минь орсон бас нэгэн адислал байв. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг бол бид хүссэн үедээ Түүнтэй харилцах боломж юм.

Их Эзэний урилга

Аврагч амилсныхаа дараа Америк тивд айлчлахдаа Галилд шавь нартаа өгсөн урилгаа дахин давтав. Тэрээр

“Гуй, тэгвэл энэ нь та нарт өгөгдөх болно; эрэлхийл, тэгвэл та нар олох болно; тогш тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно.

Учир нь гуйсан болгон хүлээн авдаг; мөн эрэлхийлэх тэр нь, олдог; мөн тогшсон түүнд энэ нь нээгдэх болно” хэмээжээ (3 Нифай 14:7–8-ыг, түүнчлэн Матай 7:7–8-ыг үзнэ үү).

Бидний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон үүнтэй адил урилгыг өнөө үед өгсөн. Тэрээр “Өөрийн асуудал, айдас, сул талуудын талаар, тийм ээ, бүр зүрхний хүсэл эрмэлзлийнхээ талаар Есүс Христийн нэр дээр залбир. Тэгээд сонс! Оюундаа ирэх бодол санааг бичиж ав. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглээд, хийхээр өдөөгдсөн үйл хэргүүдээ хийж дуусга. Та энэ үйл явцыг өдөр тутам, сар бүр, жил болгон давтан хийснээр ‘илчлэлтийн зарчимд өсөн хөгжих болно’”2 хэмээн хэлжээ.

Ерөнхийлөгч Нэлсон “Гэвч ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно”3 хэмээн нэмж хэлсэн.

Сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэхэд маань илчлэлт яагаад нэн чухал вэ? Учир нь энэ дэлхий ээдрээ, чимээ шуугиан, хууран мэхлэлт, анхаарал сарниулах зүйлсээр дүүрэн байдаг. Тэнгэр дэх Эцэгтэйгээ харилцах харилцаа нь юу үнэн, юу худал болохыг мөн юу Их Эзэний бидэнд бэлтгэсэн төлөвлөгөөнд хамааралтай, хамааралгүй болохыг ялгаж салгах боломжийг бидэнд олгодог. Дэлхий түүнчлэн хатуу ширүүн бөгөөд зүрх эмтрэм байж болно. Гэхдээ бид залбирахдаа зүрх сэтгэлээ нээснээр Тэнгэр дэх Эцэгээс ирдэг тайтгарлыг болон Тэр биднийг хайрладаг, үнэлдэг гэдэг баталгааг мэдрэх болно.

Гуй

Их Эзэн “гуйсан болгон хүлээн авдаг” хэмээсэн. Гуйх нь энгийн хэрнээ бидний хүсэл эрмэлзэл, итгэлийг илэрхийлдэг маш хүчирхэг зүйл юм. Гэсэн хэдий ч Их Эзэний дуу хоолойг ойлгож сурахад цаг хугацаа, тэвчээр шаардагддаг. Бид оюун санаа, зүрх сэтгэлд орж ирсэн бодол, мэдрэмжүүддээ анхаарал хандуулж, бошиглогчийн бидэнд хийхийг зөвлөсний дагуу бичиж тэмдэглэдэг. Сэтгэгдлээ бичиж тэмдэглэх нь хүлээж авахын чухал хэсэг юм. Энэ нь Их Эзэний бидэнд юу зааж байгааг сэргээн санах, үнэлж дүгнэх, дахин мэдрэхэд тусалдаг.

Саяхан миний хайрладаг нэгэн хүн надаас “Би хувийн илчлэлт үнэн гэдэгт итгэдэг. Миний хийх ёстой бүх зүйлийг Ариун Сүнс надад харуулна гэдэгт би итгэдэг.4 Ямар ч эргэлзээгүй, итгэл үнэмшилтэйгээр цээжинд шатах тэрхүү мэдрэмжийг мэдрэх үед итгэхэд амархан байдаг.5 Гэхдээ би хэрхэн яг ийм түвшинд надтай үргэлж ярьдаг Ариун Сүнстэй хамт байдаг болох вэ?” гэж асуусан.

Би ч гэсэн Сүнснээс ирдэг хүчирхэг нөлөөллийг байнга мэдэрч, дагах ёстой замаа үргэлж тодорхой харахыг хүсэж байна гэдгээ хайртай нэгэндээ болон та бүхэнд хандан хэлмээр байна. Гэхдээ би тэгж хэлэхгүй. Гэсэн хэдий ч, бидний илүү их мэдэрч болох зүйл бол намуухан зөөлөн дуугаар бидний оюун бодол зүрх сэтгэлд “Би энд байна. Би чамд хайртай. Урагш явж, хамгийн сайнаараа хий. Би чамайг дэмжих болно” гэж шивнэдэг Их Эзэний дуу хоолой юм. Бид үргэлж бүх зүйлийг мэдэх эсвэл харах шаардлагагүй.

Намуухан зөөлөн дуу хоолой нь дахин баталгаажуулж, урам зориг өгч, тайтгаруулж байдаг ба энэ нь л бидний тухайн өдөрт хэрэгтэй зүйл юм. Ариун Сүнс бодитой бөгөөд Түүнээс ирдэг хүчирхэг, намуухан нөлөөлөл мөн адил бодитой.

Эрэлхийл

Их Эзэн “Эрэлхийлэх тэр нь, олдог” хэмээн үргэлжлүүлэн амласан. Эрэлхийлэх гэдэг нь оюун санаа, сүнслэг байдлын хүчин чармайлт буюу тунгаан бодох, туршиж үзэх, хичээх, судлах гэсэн утга санааг агуулдаг. Бид Их Эзэний амлалтуудад итгэдэг учраас эрэлхийлдэг. “Учир нь Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой” (Еврей 11:6). Бид эрэлхийлэх үедээ суралцах зүйл их байгаа гэдгийг даруухнаар хүлээн зөвшөөрдөг бөгөөд Их Эзэн бидний ойлголтыг тэлж, биднийг илүү ихийг хүлээж авахад бэлтгэх болно. “Их Эзэн Бурхан хэлэв: Учир нь болгоогтун, би хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг өгөх болно; … өөрөөр хэлбэл хүлээн авах түүнд би илүүг өгөх болно” (2 Нифай 28:30).

Тогш

Эцэст нь Их Эзэн “Тогшсон түүнд энэ нь нээгдэх болно” хэмээн хэлсэн. Тогшино гэдэг нь итгэлээр үйлдэхийг хэлнэ. Бид Их Эзэнийг хичээл зүтгэл гарган дагах үед Тэр бидний өмнө замыг нээж өгдөг. “Бос, сайн үйлс бүтээцгээ. Тэнгэрийг хүсэн зүгээр бүү суу. Өрөөлд туслах нь аз жаргал, баяр хөөр, өгөөмөр хайрын илрэл шүү”6 хэмээн бидэнд заадаг гайхалтай сайхан сүмийн дуулал байдаг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гэррит В.Гонг бид сайн үйлийг үйлдэх явцдаа илчлэлт хүлээж авдаг хэмээн тайлбарлажээ. Тэрээр “Биднийг эргэн тойрныхоо хүмүүст үйлчлэхээр хичээх үед Их Эзэн тэр хүмүүсийг төдийгүй биднийг ч гэсэн илүү их хайрладаг гэж би боддог. Бид Түүний дуу хоолойг сонсдог. Бид эргэн тойрондоо байгаа хүмүүст туслахын тулд залбирахдаа Түүнийг өөр арга замаар мэдэрдэг. Яагаад гэвэл, энэ нь Түүний хамгийн их хариулахыг хүсдэг залбирлуудын нэг юм”7 хэмээн хэлсэн билээ.

Алмагийн үлгэр жишээ

Ирээд, Намайг дага гарын авлагад хэлсэн энгийн зөвлөмж нь надад адислалуудаа бодох үед сүнслэг мэдрэмж, гэнэтийн сүнслэг ойлголтуудыг авчирсан. Би Алмагийн тухай болон түүний Аммонайха дахь номлолын талаар үргэлжлүүлэн уншиж байх үедээ Алма гуйх, эрэлхийлэх, тогших гэдэг нь юу гэсэн утгатайг үлгэр жишээгээрээ сайн үзүүлдэг болохыг олж мэдсэн юм. “Тэрээр Сүнсээ уг хотод байсан хүмүүсийн дээр юүлээсэй хэмээн Алма оюун санаагаар ихэд ажиллаж, тэмцэн, хүчит залбиралдаа Бурханы өмнө өөртэйгээ тэмцэлдсэн ажээ” хэмээн бид судраас уншдаг. Энэ залбиралд түүний найдаж байсан шиг арга замаар хариулаагүй ба Алмаг хотоос зайлуулжээ. “Харуусалдаа дарагдан” Алмаг яг бууж өгөх гэж байх үед тэнгэр элч “Адислагдсан болой та, Алма; тиймийн тул, тэргүүнээ өргө мөн баясагтун, учир нь танд баясах агуу шалтгаан буй” хэмээх мэдээг дамжуулав. Тэгээд тэнгэр элч түүнийг Аммонайхагийн хотод эргэн очиж, дахин номло хэмээн хэлсэн ба Алма Аммонайха хотын зүг “хурдан эргэсэн.”8

Алмагаас гуйх, эрэлхийлэх, тогших талаар бид юу сурдаг вэ? Бид залбирах нь сүнслэг хүч хөдөлмөрийг шаарддаг ба бидний найдсан үр дүн рүү заримдаа хүргэдэггүй гэдгийг сурч авдаг. Гэвч биднийг шантарсан эсвэл харуусалдаа дарагдсан мэдрэмжийг мэдрэх үед Их Эзэн бидэнд тайтгарал, хүч чадлыг өөр арга замаар өгдөг. Тэр бидэнд тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхгүй эсвэл бидний бүх асуултад тэр дор нь хариулахгүй байж болох ч биднийг үргэлжлүүлэн хичээхэд урамшуулдаг. Тэгээд, хэрвээ бид өөрсдийн төлөвлөгөөг Түүний төлөвлөгөөтэй хурдан уялдуулах юм бол Тэрээр Алмад замыг нь нээж өгсөнтэй адил бидэнд ч бас замыг нээж өгөх болно.

Энэ үе бол сайн мэдээний бүрэн байдлын эрин үе гэдгийг би гэрчилж байна. Бид амьдралдаа Есүс Христийн Цагаатгалаас ирдэг адислалуудыг хүртэж чадна. Бидний өмнө судрууд дэлгээстэй байна. Бидний амьдарч байгаа энэ хэцүү цаг үед Их Эзэний хүслийг тунхагладаг бошиглогч биднийг удирддаг. Үүнээс гадна, бид хувийн илчлэлт шууд хүлээн авах боломжтой ба Их Эзэн бидний хувь хүн бүрийг тайтгаруулж, удирдан чиглүүлж чадна. Тэнгэр элчийн Алмад хэлсэнчлэн, бидэнд “баясах агуу шалтгаан буй”(Aлма 8:15). Есүс Христийн нэрээр, амен.