Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 112


Хэсэг 112

1837 оны долоодугаар сарын 23-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан, Хурганы Арван хоёр төлөөлөгчийн талаар Томас Б.Маршт өгөгдсөн илчлэл оршвой. Хебер С.Кимбалл, Оорсон Хайд хоёр сайн мэдээг Англид анх номлосон тэр өдөр энэхүү илчлэл хүлээн авагдсан байна. Энэ үед Томас Б.Марш Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч байв.

1–10, Арван хоёр нь бүх үндэстэн болон хүмүүст сайн мэдээг илгээж мөн сэрэмжлүүлгийн дуу хоолойг өргөх ёстой; 11–15, Тэд загалмайгаа үүрч, Есүсийг даган мөн Түүний хоньдыг тэжээх ёстой; 16–20, Тэргүүн зөвлөлийг хүлээн авдаг тэд Их Эзэнийг хүлээн авдаг; 21–29, Харанхуй дэлхийг бүрхдэг бөгөөд мөн гагцхүү итгэдэг мөн баптисм хүртдэг тэд аврагдах болно; 30–34, Тэргүүн зөвлөл бөгөөд Арван хоёр нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн түлхүүрүүдийг атгадаг.

1 Үнэнээр Их Эзэн өөрийн үйлчлэгч Томас чамд ийн хэлж байна: Залбирлуудыг чинь сонслоо би; мөн миний нэрийг гэрчлэхээр мөн үүнийг бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн ард түмний дунд хол илгээхээр сонгогдсон, мөн миний үйлчлэгчдийн зэмсэг болж ажилласнаар дамжин томилогдсон тэдгээр ах дүүсийн чинь өмнөөс өглөгүүд чинь миний өмнө дурсамж болон ирлээ.

2 Үнэнээр би чамд хэлж байна, Их Эзэн миний таалалд эс нийцэх цөөн хэдэн зүйл зүрх сэтгэлд чинь болон чамд бий болсон байна.

3 Гэсэн хэдий ч, чи өөрийгөө дорд аваачсан учир чи өргөмжлөгдөх болно, тиймийн тул, бүх нүгэл чинь чамд өршөөгдсөн болой.

4 Зүрх сэтгэл чинь миний нүүрний өмнө баяр хөөртэй байг; мөн чи миний нэрийг зөвхөн харийнханд төдийгүй, мөн иудейчүүдэд гэрчлэх болно; мөн чи миний үгийг дэлхийн хязгааруудад урагш илгээх болно.

5 Тиймийн тул, чи өглөөнөөс өглөөд ярилц; мөн өдрөөс өдөрт сэрэмжлүүлгийн дуу хоолой чинь урагш одог; мөн шөнө ирэхэд чиний ярианы улмаас, дэлхийн оршин суугчид бүү нойрсог.

6 Сионд чиний оршин суух газар мэдэгдэг, мөн гэр орноо бүү нүүлгэ; учир нь хүмүүсийн үрсийн дунд миний нэрийг түгээлгэхэд чамаар хийлгэх агуу ажил Их Эзэн надад буй.

7 Тиймийн тул, уг ажлын тул хормойгоо шуугтун. Хөлдөө гутлаа өмс, учир нь сонгогдсон болой чи, мөн зөрөг чинь уулсын дунд мөн олон үндэстний дунд буй.

8 Мөн чиний үгээр олон ихэс дээдэс дорд аваачигдах болно, мөн чиний үгээр олон сул дорой хүн өргөмжлөгдөх болно.

9 Дуу хоолой чинь зөрчил гаргагчид зэмлэл байх болно; мөн чиний зэмлэлээр гүтгэгчийн хэл мушгин гуйвуулахаа болиг.

10 Чи даруу бай; мөн чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь хариу өгөх болно.

11 Зүрх сэтгэлийг чинь би мэднэ, ах дүүсийн чинь талаарх залбирлуудыг чинь сонссон билээ. Тэднийг хайрлах хайр чинь бусад олныг хайрлах хайраас дээгүүр, ялгавартай бүү байг, харин тэднийг хайрлах хайр чинь өөрийгөө хайрлахын адил байг; мөн бүх хүнд, мөн миний нэрийг хайрладаг тэд бүгдэд хайр чинь элбэг дэлбэг байг.

12 Мөн Арван хоёрын ах нарынхаа төлөө залбирагтун. Миний нэрийн тулд тэднийг хурцаар зэмлэгтүн, мөн тэд бүх нүглийнхээ төлөө зэмлэгдэг, мөн чи миний өмнө миний нэрэнд үнэнч байгтун.

13 Мөн тэдний уруу таталтууд, мөн их зовлон бэрхшээлийн дараа, болгоогтун, Их Эзэн бибээр тэдэнд хандах болно, мөн хэрэв тэд зүрх сэтгэлээ үл хатууруулах аваас, мөн миний эсрэг гөжүүдлэхгүй аваас, тэд хөрвүүлэгдэх болно, мөн бибээр тэднийг эдгээх болно.

14 Эдүгээ, би чамд хэлье, мөн чамд хэлснээ би бүх Арван хоёрт хэлнэм: Босогтун мөн хормойгоо шуугтун, загалмайгаа үүрч, намайг даган мөн хоньдыг минь тэжээгтүн.

15 Өөрсдийгөө бүү өргөмжил; миний үйлчлэгч Иосефын эсрэг бүү бос; учир нь үнэнээр би чамд хэлж байна, би түүнтэй хамт байна, мөн миний мутар түүн дээр байх болно; мөн түүнд мөн тэрчлэн та нарт миний өгсөн түлхүүрүүд намайг ирэх хүртэл түүнээс авагдах нь үгүй.

16 Үнэнээр би чамд хэлж байна, миний үйлчлэгч Томас, чи бол, алс холд бүх үндэстний дунд, Арван хоёрын хувьд, өөрийн хаант улсын түлхүүрүүдийг атгуулахаар миний сонгож авсан тэр хүн бөлгөө—

17 Миний үйлчлэгч Иосеф, мөн миний үйлчлэгч Сидней, мөн миний үйлчлэгч Хайрум нар очиж чадахгүй бүх газарт чи хаант улсын хаалгыг нээх миний үйлчлэгч байж болохын тулд буюу;

18 Учир нь би бүх сүмийн ачааг тэдэн дээр түр хугацаагаар үүрүүлсэн билээ.

19 Иймийн тул, тэд чамайг хааш нь ч илгээлээ гэсэн, чи явагтун, мөн би чамтай хамт байх болно; мөн ямар ч газарт чи миний нэрийг тунхаглалаа гэсэн, тэд миний үгийг хүлээн авч болохын тулд үр дүнтэй хаалга чамд нээгдэх болно.

20 Миний үгийг хүлээн авдаг хэн боловч намайг хүлээн авдаг, мөн намайг хүлээн авдаг хэн боловч миний илгээсэн тэднийг, бибээр өөрийн нэрийн тулд чамд зөвлөхүүд болгосон Тэргүүн зөвлөлийг хүлээн авдаг болой.

21 Мөн түүнчлэн, би чамд хэлнэ, миний нэрээр, Арван хоёр ах дүүсийн саналаар, зохих ёсоор чамаар санал болгогдож мөн эрх мэдэлтэй болгогдон, чамаар илгээгдэх хэн боловч, чиний илгээсэн хаана ч байлаа, ямар ч үндэстэнд миний хаант улсын хаалгыг нээх хүчтэй байх болно—

22 Тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж мөн миний үгэнд үлдэж мөн миний Сүнсний дуу хоолойг анхаарахын хэрээр буюу.

23 Үнэнээр, үнэнээр би чамд хэлж байна, харанхуй нь дэлхийг, мөн түнэр харанхуй нь хүмүүсийн оюуныг бүрхэж, мөн бүх маханбод миний нүүрний өмнө ялзарчээ.

24 Болгоогтун, хилэгнэлийн өдөр, шатаалтын өдөр, эзгүйрлийн, уйлааны, гашуудлын мөн уй гашуугийн өдөр өшөө авалт дэлхийн оршин суугчид дээр даруй тохиох ажгуу; мөн энэ нь хар салхи адил дэлхийн бүх гадаргуу дээр ирэх болно хэмээн Их Эзэн хэлж байна.

25 Мөн энэ нь миний өргөөн дээр эхэлж, мөн миний өргөөнөөс урагш одох болно хэмээн Их Эзэн хэлж байна;

26 Эхлээд, миний нэрийг мэддэг дүр эсгэдэг атлаа намайг мэддэггүй, мөн миний өргөөн дотор миний эсрэг гутаан доромжилсон та нарын дундах тэдний дунд буюу хэмээн Их Эзэн хэлж байна.

27 Тиймийн тул, энэ газар дахь миний сүмийн хэрэг явдлуудын талаар та нар өөрсдийгөө түгшүүлэхгүйг мэдэгтүн хэмээн Их Эзэн хэлж байна.

28 Харин миний өмнө зүрх сэтгэлээ ариусгагтун; мөн тэгээд бүх дэлхий рүү явагтун та нар, мөн үүнийг хүлээн аваагүй байгаа хүн бүхэнд миний сайн мэдээг номлогтун;

29 Мөн итгэдэг бас баптисм хүртдэг тэрээр аврагдах болно, мөн итгэдэггүй, мөн баптисм хүртдэггүй тэрээр яллагдах болно.

30 Учир нь та нарт, Арван хоёрт, мөн та нарын зөвлөхүүд ба удирдагчид байхаар та нарын хамт томилогдсон Тэргүүн зөвлөлд, эцсийн өдрүүдийн төлөө мөн эцсийн удаад, цаг хугацааны бүрэн байдлын эрин үед энэхүү санваарын хүч өгөгдсөн болой,

31 Уг хүчийг та нар бүтээлтийн эхлэлээс хойших ямар ч цагт, эрин үеийг хүлээж авсан тэд бүгдтэй хамт атгаж байгаа билээ;

32 Учир нь үнэнээр би та нарт хэлж байна, та нарын хүлээн авсан эрин үеийн түлхүүрүүд нь эцэг өвгөдөөс доош дамжиж ирсэн мөн бүхнээс сүүлд та нарт тэнгэрээс доош илгээгдсэн билээ.

33 Үнэнээр би та нарт хэлж байна, дуудлага тань хэчнээн агууг болгоогтун. Энэ үеийнхний цус та нарын гараас шаардагдахгүйн тулд зүрх сэтгэлээ мөн өмсгөлүүдээ цэвэршүүлэгтүн.

34 Намайг ирэх хүртэл үнэнч бай, учир нь би даруй ирнэ; мөн хүн болгонд ажлынх нь дагуу төлөхийн тулд миний шагнал надтай хамт байх болно. Би бол Альфа ба Омега. Амен.