Судрууд
Мосе 6


Бүлэг 6

(1830 оны арван нэгдүгээр сараас арван хоёрдугаар сар)

Адамын үр удам дурсамжийн номыг хөтлөв—Түүний зөв шударга үр удам наманчлалыг тунхаглав—Бурхан Өөрийгөө Енохт илчлэв—Енох сайн мэдээг номлов—Авралын төлөвлөгөө Адамд илчлэгдэв—Тэрээр баптисм болон санваар хүлээж авав.

1 Мөн Адам Бурханы дуу хоолойг анхаарав, мөн өөрийн хөвгүүдийг наманчлахад урин дуудав.

2 Мөн Адам эхнэртэйгээ дахин унтав, мөн эхнэр нь хүү төрүүлэв, мөн Адам түүнийг Сет гэж нэрлэв. Мөн Адам Бурханы нэрийг алдаршуулав, учир нь тэрээр: Каины алсан Абелын оронд Бурхан өөр нэг үрийг надад заяав хэмээв.

3 Мөн Бурхан өөрийгөө Сетэд харуулав, мөн тэрээр эсэргүүцсэнгүй, харин ах Абелынхаа адилаар хүлээн авч болохуйц тахил өргөв. Мөн бас түүнд нэг хүү төрөв, мөн тэрбээр түүний нэрийг Инос хэмээв.

4 Мөн тэгээд эдгээр эрчүүд Их Эзэний нэрийг дуудаж эхлэв, мөн Их Эзэн тэднийг адисалсан болой;

5 Мөн Адамын хэл дээр дурсамжийн ном хөтлөгдөж, үүнд цэдэглэгдэж байв, учир нь Бурханыг дуудсан болгонд бурханлаг нөлөөний сүнсээр бичих нь өгөгдсөн байлаа;

6 Мөн тэдний хүүхдүүд унших мөн бичихийг тэднээр заалгадаг байж, тэд цэвэр бөгөөд бохирлогдоогүй хэлтэй байлаа.

7 Эдүгээ эхлэлд байсан энэхүү Санваар дэлхийн төгсгөлд тэрчлэн байх болно.

8 Эдүгээ Адам Ариун Сүнсээр нөлөөлөгдөн, тэрээр энэхүү бошиглолыг ярив, мөн Бурханы хүүхдүүдийн удмын бичиг хөтлөгдөв. Мөн Адамын удмын бичгийн номд ийн өгүүлсэн байв: Бурхан хүнийг бүтээсэн тэр өдөр, Бурхантай адил төстэйгээр түүнийг тэрээр бий болгосон;

9 Тэрээр өөрийн биеийн дүр төрхөөр тэднийг, эрэгтэй мөн эмэгтэйг бүтээж, мөн тэднийг адислан, мөн тэд бүтээгдэж, мөн Бурханы хөлийн тавиур дээрх нутагт амьд бодгалиуд болсон тэр өдөр тэдний нэрийг Адам хэмээн нэрлэсэн бөлгөө.

10 Мөн Адам нэг зуун гучин жил амьдраад, мөн өөрийнхөө адил, өөрийн дүр төрх бүхий хөвгүүнийг төрүүлж, мөн түүний нэрийг Сет хэмээв.

11 Мөн Сетийг төрүүлсний дараа, Адамын өдрүүд найман зуун жил байв, мөн тэрбээр олон хөвгүүд мөн охидыг төрүүлэв;

12 Мөн Адамын амьдарсан бүх өдрүүд есөн зуун гучин жил байв, мөн тэрбээр нас нөгчив.

13 Сет нэг зуун таван жил амьдраад, мөн Иносыг төрүүлэв, мөн өөрийн бүх өдрүүдэд бошиглож, мөн хүү Иностоо Бурханы замуудаар заадаг байлаа; иймийн тул Инос тэрчлэн бошиглодог байв.

14 Мөн Сет, тэрээр Иносыг төрүүлсний дараа найман зуун долоон жил амьдарч, мөн олон хөвгүүд болон охидыг төрүүлэв.

15 Мөн нутгийн бүх гадаргуу дээр хүмүүсийн үрс үй олон байв. Мөн тэр өдрүүдэд Сатан хүмүүсийн дунд ихээр ноёрхож, мөн тэдний зүрх сэтгэлийг хилэгнүүлж байв; мөн тэр цагаас хойш дайнууд ба цус урсалтууд тохиов; мөн хүн хүчийг эрэлхийлэн, нууц ажлуудын улмаас, үхлийг гүйцэтгэхээр ах дүүсийнхээ эсрэг гараа өргөж байв.

16 Сетийн бүх өдрүүд есөн зуун арван хоёр жил байв, мөн тэрбээр нас нөгчив.

17 Мөн Инос ерэн жил амьдарч, мөн Кенаныг төрүүлэв. Мөн Инос ба Бурханы хүмүүсийн үлдсэн нь Шулон хэмээн нэрлэгддэг байсан газраас гарч яван, мөн тэрбээр Кенан хэмээн хүүгийнхээ нэрээр нэрлэсэн амлалтын нутагт оршин сууж байв.

18 Мөн Инос, тэрээр Кенаныг төрүүлсний дараа найман зуун арван таван жил амьдрав, мөн олон хөвгүүд болон охидыг төрүүлэв. Мөн Иносын бүх өдрүүд есөн зуун таван жил байлаа, мөн тэрбээр нас нөгчив.

19 Мөн Кенан далан жил амьдарч, мөн Махалалеелыг төрүүлэв; мөн Кенан Махалалеелыг төрүүлсний дараа найман зуун дөчин жил амьдрав, мөн хөвгүүд болон охидыг төрүүлэв. Мөн Кенаны бүх өдрүүд есөн зуун арван жил байв, мөн тэрбээр нас нөгчив.

20 Мөн Махалалеел жаран таван жил амьдарч, мөн Жаредыг төрүүлэв; мөн Махалалеел, тэрээр Жаредыг төрүүлсний дараа найман зуун гучин жил амьдрав, мөн хөвгүүд болон охидыг төрүүлэв. Мөн Махалалеелын бүх өдрүүд найман зуун ерэн таван жил байв, мөн тэрээр нас нөгчив.

21 Мөн Жаред нэг зуун жаран хоёр жил амьдарч, мөн Енохыг төрүүлэв; мөн Жаред Енохыг төрүүлснийхээ дараа тэрээр найман зуун жил амьдрав, мөн хөвгүүд болон охидыг төрүүлэв. Мөн Жаред Бурханы бүх замаар Енохт заадаг байв.

22 Мөн энэ нь Бурхан өөрөө түүнтэй ярьсан, Бурханы хүү асан Адамын хөвгүүдийн удмын бичиг болой.

23 Мөн тэд зөв шударга ёсны номлогчид байв, мөн ярьж мөн бошиглож байв, мөн хаа сайгүй бүх хүнийг наманчлахад дууддаг байлаа; мөн итгэл нь хүмүүсийн үрсэд заагддаг байв.

24 Мөнхүү улиран тохиох дор Жаредын бүх өдрүүд есөн зуун жаран хоёр жил байв, мөн тэрбээр нас нөгчив.

25 Мөн Енох жаран таван жил амьдарч, мөн Метуселаг төрүүлэв.

26 Мөнхүү улиран тохиох дор Енох газар нутагт, хүмүүсийн дунд аялав; мөн түүнийг аялж явахад, тэнгэрээс Бурханы Сүнс буун ирж, мөн түүн дээр оршив.

27 Мөн тэрээр нэгэн дуу хоолойг тэнгэрээс сонсов, хэлрүүн: Енох, хүү минь, энэ хүмүүст бошиглогтун, мөн тэдэнд хэл—Наманчлагтун, учир нь ийн Их Эзэн хэлж байна: Би энэ хүмүүст ууртай байна, мөн миний догшин уур тэдний эсрэг дүрэлзэж байна; учир нь тэдний зүрх сэтгэл хатуурч, мөн тэдний чих дүлийрч, мөн тэдний нүд холыг харж чадахгүй байна;

28 Мөн эдгээр олон үеийнхний туршид, би тэднийг бүтээсэн тэр өдрөөс хойш, тэд замаасаа гажиж, мөн намайг үгүйсгэсэн билээ, мөн харанхуйд тэд өөрсдийн зөвлөгөөг эрэлхийлсэн буюу; мөн жигшүүрт хэргүүддээ тэд аллагыг төлөвлөдөг байв, мөн тэдний эцэг Адамд миний өгсөн зарлигуудыг сахиагүй болой.

29 Иймийн тул, тэд хуурамчаар тангарагласан болой, мөн тэд тангаргаараа өөрсдийнхөө дээр үхлийг авчрав; мөн хэрэв тэд эс наманчлах аваас, тэдний төлөө нэгэн тамыг би бэлтгэсэн билээ;

30 Мөн энэ бол дэлхийн эхлэлд миний илгээсэн тогтоол бөлгөө, үүний сууриас өөрийн амаар мөн та нарын эцэг өвгөд, миний үйлчлэгчдийн амаар үүнийг би тогтоосон юм, бүр энэ нь дэлхийд, үүний хязгааруудад илгээгдэхийн адилаар буюу.

31 Мөн Енох эдгээр үгийг сонсоод тэрээр Их Эзэний өмнө газарт доош мэхийж, мөн Их Эзэний өмнө ярьж, хэлэв: Би таны мэлмийд тааллыг олсны шалтгаан нь юу билээ, мөн гэтэл би залуу, мөн бүх хүн намайг үзэн яддаг буюу; учир нь би ярихдаа муу бөлгөө; би яахан таны үйлчлэгч байх билээ?

32 Мөн Их Эзэн Енохт хэлэв: Урагш одож мөн чамд миний зарлигласанчлан үйлдэгтүн, мөн хэн ч чамайг цоо хатгах нь үгүй. Амаа нээ, мөн энэ нь дүүргэгдэх болно, мөн би чамд үгийг өгөх болно, учир нь бүх маханбод миний гарт байдаг, мөн бибээр өөрт сайн санагдсанаар үйлдэх болно.

33 Энэ хүмүүст хэлэгтүн: Өөрсдийг тань бий болгосон Их Эзэн Бурханд үйлчлэхийг энэ өдөрт сонгоцгоо та нар.

34 Болгоогтун миний Сүнс чам дээр байна, иймийн тул, чиний бүх үгийг бибээр зөвтгөх болно; мөн уулс чиний өмнө зугтах болно, мөн гол мөрнүүд голдрилоосоо эргэх болно; мөн чи надад, мөн би чамд орших болно; тиймийн тул надтай хамт алхагтун.

35 Мөн Их Эзэн Енохт хандан ярьж, мөн түүнд хэлэв: Нүдэндээ шавар түрхээд мөн үүнийг угаа, мөн чи харах болно. Мөн тэрээр үүнчлэн хийв.

36 Мөн Бурханы бүтээсэн сүнснүүдийг тэрээр болгоов; мөн эгэл нүдэнд үл харагдах зүйлсийг тэрээр тэрчлэн болгоов; мөн түүнээс хойш уг нутагт: Их Эзэн энэ хүмүүст нэг үзмэрчийг бэлтгэжээ гэх яриа тархсан буюу.

37 Мөнхүү улиран тохиох дор Енох уг нутагт хүмүүсийн дунд урагш одож, толгод дээр болон өндөр газруудад зогсон, тэдний ажлуудын эсрэг гэрчилж, мөн чанга дуу хоолойгоор хашхирч байв; түүнээс болж бүх хүн дургүйцсэн буюу.

38 Мөн тэд түүнийг сонсохоор өндөр газруудад ирцгээв, майхныг сахигчдад хандан: Үзмэрчийг харахаар биднийг тийшээ явах хооронд та нар эндээ үлдэж майхнуудаа сахиж бай, учир нь тэрээр бошиглодог, мөн уг нутагт нэг хачин зүйл байна; нэгэн галзуу хүн бидний дунд хүрч иржээ хэмээн хэлсэн бөлгөө.

39 Мөнхүү улиран тохиох дор тэд түүнийг сонсоод нэг ч хүн түүнд гар хүрсэнгүй; учир нь түүнийг сонссон тэд бүгд дээр айдас иржээ; учир нь тэрээр Бурхантай хамт алхаж байв.

40 Мөн нэр нь Махижа гэдэг байсан нэг хүн түүн дээр ирж, мөн түүнд хэлсэн нь: Та хэн гэдгээ мөн та хаанаас ирснээ бидэнд тодорхой хэлээч?

41 Мөн тэр тэдэнд хэлэв: Миний эцэг өвгөдийн нутаг, энэ өдрийг хүртэл зөв шударга ёсны нутаг, Кенаны нутгаас гарч ирсэн болой би. Мөн эцэг минь надад Бурханы бүх замаар заадаг байлаа.

42 Мөнхүү улиран тохиох дор Кенаны нутгаас дорнодын далайн дэргэдүүр аялж явахдаа би нэг үзэгдлийг болгоосон; мөн харагтун, би тэнгэрүүдийг үзэж, мөн Их Эзэн надтай ярьж, мөн надад зарлиг өгсөн; иймийн тул, уг зарлигийг сахих энэхүү шалтгааны учир би эдгээр үгийг ярьж буй ажгуу.

43 Мөн Енох үгээ үргэлжлүүлэн, хэлэв: Надтай ярьсан Их Эзэн нь мөн тэнгэрийн Бурхан болой, мөн тэрбээр миний Бурхан бас та нарын Бурхан билээ, мөн та нар миний ах дүүс билээ, мөн юуны учир та нар өөрсдөдөө зөвлөж, мөн тэнгэрийн Бурханыг үгүйсгэнэ вэ?

44 Тэнгэрийг тэрээр хийсэн билээ; мөн дэлхий түүний хөлийн тавиур; мөн үүний суурь нь түүнийх. Болгоогтун, тэрээр үүнийг тавьсан юм, мөн үүний гадаргуу дээр тэрээр үй олон хүмүүсийг авчирсан болой.

45 Мөн үхэл бидний эцэг өвгөд дээр ирэв; гэсэн хэдий ч бид тэднийг мэддэг бөлгөө, мөн үгүйсгэж үл чадна, мөн бүр бүхнээс эхнийхийг, бүр Адамыг бид мэднэ.

46 Учир нь Бурханы хуруугаар өгөгдсөн загварын дагуу бид өөрсдийнхөө дунд дурсамжийн номыг бичсэн билээ; мөн энэ нь бидний төрөлх хэл дээр өгөгдсөн бөлгөө.

47 Мөн Енох Бурханы үгсийг ярьж байхад, хүмүүс дагжин чичирч, мөн түүний оршихуйд тэвчиж чадахгүй байв.

48 Мөн тэрбээр тэдэнд хэлэв: Адам унасны улмаас бид байгаа ажгуу; мөн түүний уналтаар үхэл ирсэн юм; мөн бид зовлон бөгөөд гаслан хүртэгчид болгогдсон билээ.

49 Сатан хүмүүсийн үрсийн дунд ирснийг, мөн тэр өөрийгөө шүтүүлэхээр тэднийг уруу татдагийг болгоогтун; мөн хүмүүс таашаалыг эрхэмлэдэг, тачаангуй, чөтгөр мэт болж, мөн Бурханы оршихуйгаас таслагдсан бөлгөө.

50 Гэвч бүх хүн наманчлах ёстойг Бурхан бидний эцэг өвгөдөд мэдүүлсэн билээ.

51 Мөн тэрбээр бидний эцэг Адамыг өөрийн дуу хоолойгоор дуудаж, хэлсэн нь: Бибээр Бурхан билээ; би дэлхийг, мөн тэднийг маханбодод байхаас өмнө хүмүүсийг бий болгосон бөлгөө.

52 Мөн тэрбээр тэрчлэн түүнд хэлэв: Хэрэв чи надад хандаж, мөн миний дуу хоолойг анхаарч, мөн итгэж, мөн өөрийн бүх зөрчлөөс наманчлах аваас, мөн ач ивээл болон үнэнээр дүүрэн миний Төрсөн Ганц Хүү болох Есүс Христийн нэрээр, тэнгэрийн дор өгөгдөх цорын ганц нэрээр, үүгээр аврал хүмүүсийн үрсэд ирэх тэрхүү нэрээр бүр усанд баптисм хүртэх аваас, чи Ариун Сүнсийг хүлээн авч, бүх зүйлийг түүний нэрэнд асуух болно, мөн чи юуг ч гуйлаа гэсэн, энэ нь чамд өгөгдөх болно.

53 Мөн бидний эцэг Адам Их Эзэнд хандан ярьж мөн хэлэв: Хүмүүс яагаад наманчилж мөн усанд баптисм хүртэх ёстой вэ? Мөн Их Эзэн Адамд хэлсэн нь: Болгоогтун Едений Цэцэрлэг дэх чиний зөрчлийг би чамд өршөөсөн билээ.

54 Бурханы Хүү анхны гэмийг цагаатгасан билээ, тэгснээр эцэг эхийн нүглүүд хүүхдүүдийнх нь толгой дээр байж үл болох юм, учир нь тэд дэлхийн үүслээс эхлэн цэвэр болой хэмээх яриа хүмүүсийн дунд үүнээс болж тархсан байлаа.

55 Мөн Их Эзэн Адамд ярьж, хэлсэн нь: Чиний хүүхдүүд нүгэлт дэлхийд төрсөн учир, тиймээс тэд өсөж эхлэхэд, нүгэл тэдний зүрх сэтгэлд үүсэж, мөн тэд сайн сайхны үнэ цэнийг мэдэж болохын тулд тэд гашууныг амсах болно.

56 Мөн хилэнцээс сайныг ялгаж мэдэх нь тэдэнд өгөгдсөн бөлгөө; иймийн тулд тэд өөрсдөдөө чөлөөтэйгээр сонгогч болой, мөн би чамд өөр хууль болон зарлиг өгсөн билээ.

57 Иймийн тул үүнийг хүүхдүүддээ заагтун, хаа газрын хүмүүс наманчлах ёстой гэдгийг буюу, эс бөгөөс тэд Бурханы хаант улсыг яасан ч өвлөж чадах нь үгүй, учир нь цэвэр бус нэгээхэн ч зүйл тэнд оршиж, өөрөөр хэлбэл түүний дэргэд оршиж үл чадна; учир нь Адамын хэлээр Ариун Хүн гэдэг нь түүний нэр болой, мөн түүний Төрсөн Ганцын нэр нь Хүний Хүү, бүр Есүс Христ, цагийн голчид ирэх нэгэн шударга Шүүгч бөлгөө.

58 Тиймийн тул, эдгээр зүйлийг хүүхдүүддээ чөлөөтэйгээр заах зарлигийг би чамд өгч байна, хэлэх нь:

59 Зөрчлийн улмаас уналт ирдэг, тэрхүү уналт үхлийг авчирдаг бөгөөд мөн та нар усаар мөн цусаар мөн миний бүтээсэн сүнсээр дэлхийд төрсөн учир, мөн ийн тоосноос амьд бодгаль болсны адилаар, тийн та нар тэнгэрийн хаант улсад усаар мөн Сүнсээр дахин төрж, мөн цусаар, бүр миний Төрсөн Ганцын цусаар цэвэршигдэх ёстой; та нар бүх нүглээс ариусгагдаж мөн энэ дэлхийд мөнх амьдралын үгсийг мөн ирэх дэлхийд мөнх амьдралыг, бүр үхэшгүй байдлын сүр жавхланг эдэлж болохын тулд буюу;

60 Учир нь усаар уг зарлигийг сахидаг болой та нар; Сүнсээр зөвтгөгддөг болой та нар, мөн цусаар ариусгагддаг болой та нар;

61 Тиймийн тул энэ нь та нартай үлдэхээр өгөгдсөн бөлгөө; тэнгэрийн цэдэг; Тайтгаруулагч; үхэшгүй сүр жавхлангийн амар амгалангийн зүйлс; бүх зүйлийн үнэн нь; бүх зүйлийг амьдруулдаг, бүх зүйлд амьдралыг өгдөг тэр зүйл; бүх зүйлийг мэддэг мөн мэргэн ухаан, нигүүлсэл, үнэн, шударга ёс, мөн шүүлтийн дагуу бүх хүч байдаг тэр зүйл буюу.

62 Мөн эдүгээ, болгоогтун, би чамд хэлж байна: Энэ бол бүх хүний төлөөх авралын төлөвлөгөө юм, цагийн голчид ирэх миний Төрсөн Ганцын цусаар дамжин ирэх бөлгөө.

63 Мөн болгоогтун, бүх зүйлд өөрсдийнх нь адил төстнүүд байдаг, мөн бүх зүйл, бодит зүйлс бөгөөд сүнсний зүйлс аль аль нь миний тухай гэрчлэхээр бэлтгэгдэж мөн бүтээгдсэн бөлгөө; дээр тэнгэрт байгаа зүйлс, мөн дэлхий дээр байгаа зүйлс, мөн дэлхий дотор байгаа зүйлс, мөн газар дор байгаа зүйлс, дээрх бөгөөд доорх аль аль нь: Бүх зүйл миний тухай гэрчилдэг.

64 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн бидний эцэг Адамтай ярьсны дараа Адам Их Эзэнд хандан залбиран гуйж мөн тэрээр Их Эзэний Сүнсээр зөөгдөн, мөн доош ус руу хүргэгдэн, усан дор тавигдаж мөн уснаас урагш гаргагдсан ажээ.

65 Мөн ийн тэрбээр баптисм хүртэж, мөн Бурханы Сүнс түүн дээр бууж ирсэн ажгуу, мөн ийн тэрбээр Сүнсээр төрсөн байв, мөн доторх хүндээ амьдруулагдсан байлаа.

66 Мөн тэрбээр нэгэн дуу хоолойг тэнгэрээс сонсов, хэлсэн нь: Галаар, мөн Ариун Сүнсээр баптисм хүртсэн болой чи. Энэ бол үүнээс хойш мөн үүрд Эцэг, мөн Хүүгийн тухай гэрчлэгч юм;

67 Мөн чи бол түүний жаягийн дагуу бөлгөө, бүх үүрд мөнхөөс бүх үүрд мөнхөд, өдрүүдийн эсвээс жилүүдийн төгсгөлгүй байсан түүний буюу.

68 Болгоогтун, чи Бурханы хүү, надтай нэг билээ; мөн ийн бүгд миний хөвгүүд болж болно. Амен.