Номлолын дуудлагууд
7: Би номлолынхоо хэлийг хэрхэн илүү сайн сурах вэ?


“7: Би номлолынхоо хэлийг хэрхэн илүү сайн сурах вэ?” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 133–142

“7 Хэл сурах,” Миний сайн мэдээг номло, 133–142

7

Би номлолынхоо хэлийг хэрхэн илүү сайн сурах вэ?

Зураг
туг

Гэрэл зураг: GettyImages.com. Хуулбарлахыг хориглоно.

Үүнийг эргэцүүлэн бод

  • Яагаад би хэлнийхээ чадварыг үргэлж сайжруулах ёстой вэ?

  • Би номлолынхоо хэлээр ярьж, заах чадвараа хэрхэн сайжруулах вэ?

  • Би хэлний бэлгийг хэрхэн авч болох вэ?

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд

Их Эзэн “Энэ хүчинд томилогдсон тэднээр дамжуулан хүн болгон сайн мэдээний бүрэн байдлыг төрөлх хэл дээрээ, мөн өөрийн хэлээр сонсох болно” (Сургаал ба Гэрээ 90:11) хэмээн тунхагласан. өөрийн үгсэд хөрвүүлэх хүчийг авчрахын тулд хувийн гэрчлэлээ хүчирхэгжүүл. Эхлээд сургаал болон хичээлүүдийг төрөлх хэлээрээ судал. Тэрхүү ойлголт таны гэрчлэлийг болон итгэл үнэмшилтэйгээр зааж, гэрчлэх чадавхыг тань хүчирхэгжүүлнэ. Ингэснээр та Сүнсний удирдлаган доор номлолынхоо хэлээр Сэргээлтийн захиасыг илэрхийлж сурах болно.

Их Эзэн танд номлолынхоо хэлээр зааж мөн гэрчлэхэд тусална гэсэн итгэлийг тань хүчирхэгжүүлэх арга замуудыг жагсаав. Үүнд:

  • Бошиглогчоор дамжуулан Бурханаас дуудагдсан гэдгээ ухаар.

  • Ариун Сүнстэй нөхөрлөхүйц зохистой амьдар.

  • Зарлигуудыг болон номлогчийн жишгүүдийг дуулгавартай дага.

  • Тэнгэрлэг тусламжийн төлөө чин сэтгэлээсээ залбир.

  • Хэлний бэлэг болон хэлийг хөрвүүлэх гэх мэт Сүнсний бэлгүүдийг эрэлхийл.

  • өдөр бүр номлолын хэлээ судалж, дадлагаж мөн ашигла.

Үнэнч бөгөөд хичээнгүй байх

Номлолынхоо хэлээр үр дүнтэй зааж сурах нь хичээнгүйлэн хөдөлмөрлөж, Сүнсний бэлэг авсан байхыг шаарддаг. Эхэндээ уг даалгавар хэцүү байвал бүү гайх. Хэл сурахад цаг хугацаа хэрэгтэй байдаг. Өөртөө тэвчээртэй ханд. Анхааралтай сонсож, хэлээрээ тогтмол ярьж, шинэ үг сурч, хэлний дүрэм, дуудлагыг өдөр бүр давт. Хамтрагч, гишүүд, хичээл заалгаж байгаа хүмүүс болон бусад номлогчоос тусламж эрэлхийл.

Хүмүүс таныг ойлгож эхэллээ гээд хэлнийхээ чадварыг сайжруулахаа зогсоож болохгүй. Уг хэлээр ярих чадвар тань өсөн нэмэгдэхийн хэрээр хүмүүс аливаа зүйлийг хэрхэн хэлж байгааг тань биш, харин юу хэлж байгааг тань сонсох болно. Зүрх сэтгэл дэх бодол санаагаа хэрхэн илэрхийлэх талаар санаа зовох тань багасна. Та хичээл заалгаж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээнд болон Сүнсний өдөөлтөд илүү сайн хариулах боломжтой болно.

Номлолынхоо туршид болон номлолоос буцаж ирснийхээ дараа хэлээ гарамгай сайн эзэмшихийг хичээ. Их Эзэн танд маш их зүйл өгсөн бөгөөд хожим нь таны хэлний чадварыг ашиглаж магадгүй. Ахлагч Жэффри Р.Холланд “Шинэ хэл сурч буй номлогч бүр … уг хэлээ бүхий л талаас нь сураасай … хэмээн бид найдаж байна. Ийн сурснаар таны [заах], гэрчлэх чадвар сайжрах болно. [Хичээл заалгаж байгаа хүмүүс] тань таныг илүү дотно хүлээн авч, сүнслэг байдлын хувьд гүн сэтгэгдэл төрүүлнэ. … Зөвхөн номлогчийн үгсийн санг ашиглан ярьж чадаж байгаадаа сэтгэл хангалуун байж болохгүй. Хэлний мэдлэгээ тэлснээр та хүмүүсийн зүрх сэтгэлд илүү их хүрч чадна” гэж тайлбарласан (missionary satellite broadcast, Aug. 1998).

Номлолын хэлийг сурахдаа та ганцаараа биш гэдгээ сана. Их Эзэн зарлиг буулгах бүрдээ гүйцэлдүүлэх арга замаар нь хангаж өгдөг (1 Нифай 3:7-г үзнэ үү). Түүний тусламжийг эрэлхийл. Хичээнгүйлэн судал. Номлогчийн хувьд зорилгоо биелүүлэхэд шаардлагатай хэлний ур чадварыг та яваандаа эзэмшсэн байх болно.

Англи хэл сурах

Хэрэв та англи хэлээр ярьдаггүй бол номлогчийн хувьд сурах ёстой. Энэ нь таныг номлолын тань явцад төдийгүй амьдралын тань туршид адислах болно. Англи хэл сурах нь Их Эзэний хаант улсыг өөр бусад арга замаар барьж босгоход тусалж, таныг болон гэр бүлийг тань адислах болно. Энэ бүлэг дэх олон зөвлөгөө танд тусална. Ялангуяа доорх зөвлөгөөг анхаар. Үүнд:

  • Хамтрагчтайгаа англиар ярих зорилго тавь. Хэрэв хамтрагч тань англи хэл мэддэг мөн танай хэлийг сурахыг хичээж байгаа бол та нар гэртээ англи хэлээр ярьж, байрнаасаа гадуур номлолынхоо хэлээр ярихаар шийдэж болох юм.

  • Хамтрагчтайгаа хамт Мормоны Номыг англи хэлээр унш. Түүнчлэн ээлжилж уншихыг сонгох буюу таныг нэг шүлгийг англиар уншихад, хамтрагч тань нэг шүлгийг номлолынхоо хэлээр уншиж болох юм. Бие биеийнхээ дуудлага, аялгыг зас.

  • Хэрэв өөрт тань байхгүй бол номлолын ерөнхийлөгчөөсөө англи хэлний дүрмийн энгийн номон дээрх санал зөвлөмжийг асуу.

Хэл сурах зарчим

Энэ хэсэгт хэлийг илүү үр дүнтэй сурч, судлахад тань туслах зарчмуудыг тайлбарлана.

  • Хариуцлагатай бай. Хэл сурах зорилгууд болон судлах төлөвлөгөөг тогтмол гарга эсвэл өөрчил. Боломж гарах бүрд хэлээ ашиглахыг эрэлхийл.

  • Суралцах үйл явцаа утга учиртай болго. өөрөөсөө асуу. Яагаад би үүнийг сурч байгаа вэ? Энэ нь надад илүү сайн ойлголцоход хэрхэн туслах вэ? Сурч буй зүйлээ бодит амьдралд болон өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигла. Хүсэж байгаа зүйлээ хэлэхэд тань туслах хэлний хэсгүүдийг сур. Жишээ нь, хэрэв зааж байхдаа судрын нэг түүхийг оруулахыг хүсэж байгаа бол уг түүхийг ярихад шаардагдах үгсийн сан болон дүрмийг мэдэж ав.

  • Харилцан ярилцахыг эрэлхийл. Хэлний дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг судлах; өдөр тутмын үйл ажиллагаагаар дамжуулан суралцах хоёрыг тэнцвэртэй байлгахыг эрэлхийл. Унаган хэлтэй хүмүүстэй ярихыг орлох зүйл гэж үгүй.

  • Шинэ ухагдахууныг нэгд нэгэнгүй сур. Хэрэв та сурч мэдсэнээ байнга эргэн харж, шинэ нөхцөл байдалд дахин дадлага хийвэл хэлний зарчмуудыг эргэн санаж, илүү үр дүнтэй ашиглах боломжтой байх болно.

Хэл сурах төлөвлөгөө гаргах

Хэл сурах төлөвлөгөө нь номлолынхоо хэлээр ярих чадвараа сайжруулахын тулд өдөр бүр хийх зүйлдээ анхаарлаа хандуулахад нь шинэ болон туршлагатай номлогчдын аль алинд тусална. Төлөвлөгөөндөө хэл сурах цагаараа болон өдрийн турш юу хийхийн аль алиныг оруулсан байна.

Шаардлагатай бол, хэл сурах цагийнхаа заримыг сурах төлөвлөгөөгөө гаргах юм уу өөрчлөхөд зарцуул. Тэгээд хэл сурах цагаараа тухайн өдрийн үйл ажиллагаанд шаардагдах үгсээ мэдэж ав. Дараах зааварчилгаанууд хэл сурах төлөвлөгөөгөө гаргахад тань туслах болно. Үүнд:

  1. Зорилго тавь. Долоо хоног тутмын болон өдөр тутмын зорилго нь номлолынхоо хэлийг сурахад танд тусална. Хуваарьт үйл ажиллагааныхаа явцад, тухайлбал заах уулзалт, заах хүн олох боломж, тойргийн зөвлөлийн хурлын үеэр ярих, заах чадвараа сайжруулахад зорилгуудаа төвлөрүүл. Хэл сурах зорилгодоо хүрэх өсөлт хөгжлөө үнэлж дүгнэ. Хуваарьт үйл ажиллагааныхаа үеэр илүү тодорхой, хүчирхэг ярихын тулд юу хийж болохоо өөрөөсөө асуу.

  2. Ямар хэрэгсэл ашиглахаа сонго. Хэл сурах доорх хэрэгслүүдийг авч үзээд, зорилгодоо хүрэхийн тулд алийг нь ашиглаж болохоо тодорхойл. Үүнд:

    Зураг
    Испани хэл сурах материал
    • Номлолынхоо хэл дээрх жишиг бүтээл

    • Номлолынхоо хэл дээрх хичээл

    • Халаасны толь бичиг

    • Дүрмийн бяцхан ном

    • НБТ-ийн хэл сурах материал

    • Тэмдэглэх карт

    • Халаасны тэмдэглэлийн дэвтэр

    • Хэл сурах зөвшөөрөгдсөн аппликэйшн

    • Номлолынхоо хэл дээрх Сүмийн бусад материал

  3. Үг, хэллэгүүдийг цээжил. Зорилгодоо хүрэхэд тань туслах шинэ үг, хэллэгийг тодорхойл. Хэл сурах төлөвлөгөөндөө доорх санаануудыг оруулж болно. Үүнд:

    • Хичээл, товхимол, судрууд болон Сүмийн бусад хэвлэл дээр байдаг, заахдаа ашиглаж болох шинэ үг, хэллэгийг тодорхойл.

    • Мэдэхгүй үг, хэллэгээ тэмдэглэлийн дэвтэртээ бич. Бяцхан толь бичиг авч яван, тэдгээр үгийг хар.

    • өдрийн турш судлахын тулд тэмдэглэх карт авч яв. Үг, хэллэгийг нэг талд нь, харин тайлбарыг нөгөө талд нь бич. Сурсан үгсээ хас. Бүгдийг нь мэддэг болтлоо үлдсэн үгсийг судал.

    • Хувиараа суралцах цагаараа, зааж байхдаа болон өдрийн туршид шинэ үг, хэллэгээ өгүүлбэрт оруулж ашигла.

    • Шинэ үг, хэллэгийг чанга хэлэх замаар дуудлагаа сайжруул.

    • Түлхүүр судруудыг номлолын хэл дээр цээжил.

    • Хичээл, товхимлуудаас сайн мэдээний гол зарчмуудыг илэрхийлэх энгийн мэдэгдлүүдийг цээжил. Эдгээр санаагаа илэрхийлэх өөр арга замуудыг ол.

  4. Хэлний дүрэм сур. Зорилгодоо хүрэхэд тань туслах дүрмийн зарчмуудыг тодорхойлохдоо хэл сурах хэрэгслүүдийг ашигла. Шаардлагатай бол хамтрагч болон туршлагатай номлогчоос эсвэл гишүүнээс тусламж хүс. Доорх санаануудын заримыг ашиглах талаар бодож үз. Үүнд:

    • Хичээл, товхимол, судрууд дээрх дүрэм болон өгүүлбэрийн бүтцийг ойлгоход тус болох НБТ–д өгсөн эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрсөн дүрмийн материалуудыг ашигла.

    • Эдгээр дүрмийн зарчмуудыг оруулан хэрэглэсэн өгүүлбэрүүдийг бэлдэж, хуваарьт үйл ажиллагаандаа ашигла. Өгүүлбэрүүдээ хэлж, бичих дадлага хий.

    • Хэлний үгсийн дараалал болон үг, үгийн бүтцэд анхаар.

    • Сурсан дүрмээ өдөр бүр давтаж, ашиглах боломжийг эрэлхийл.

  5. Анхааралтай сонс. Дараах санаануудыг ашиглах талаар бодож үз. Үүнд:

    • Төрөлх хэлтэй хүнийг анхааралтай сонс. Сонссон зүйлээ дуурайн хэл.

    • Сонссон зүйлээ ойлгоогүй бол бичиж аваад, ямар утгатай болохыг олж мэд. Үг болон өгүүлбэрийн загварыг ашиглан дадлага хий.

    • Сонсож байхдаа саяхан сурсан шинэ үг, өгүүлбэрийн бүтцээ тодорхойл.

    • Аль нэгэн хэллэгийг өөрийн тань хэлэхээс өөрөөр хэлэхийг сонсвол бичиж аваад, дадлага хий. Гэхдээ Их Эзэний үйлчлэгчийн хувьд хар яриа хэрэглэхгүй, үргэлж зөв зохистой үг хэллэг ашигла.

    • Төлөвлөсөн үйл ажиллагааны тань үеэр хүмүүсийн танд хэлж болох зүйлсийн жагсаалтыг гарга. Тэдгээр хариулттай холбоотой үг, хэллэгүүдийг хар. Хэрхэн хариулахаа төлөвлөж, дадлага хий.

  6. Уншиж, бичих чадвараа сайжруул. Мормоны Номыг номлолынхоо хэлээр унших замаар шинэ үг, хэллэг сурч мөн зөв бичгийн дүрэм, дуудлага зэрэг дээр ажиллаж, чөлөөтэй ярих дадлага хий. Хэл сурахдаа судруудыг ашиглах нь асар их хүч агуулдаг. Түүнчлэн доорх санаануудын талаар бодож үз.

    • Номлолынхоо хэлний цагаан толгой, бичиг, ханз үсэг зэргийг уншиж, бичиж сур. Ханз үсэгт тулгуурлан бичдэг системийн хувьд, судар унших гэх мэт заахад туслах унших ур чадвар дээрээ анхаарч ажилла.

    • Номлолынхоо хэлээр Мормоны Ном болон бусад судрыг эсвэл Сүмийн сэтгүүлүүдийг чанга унш. Мэдэхгүй үг, хэллэг, дүрэмд анхаар. Хэрэв ямар нэг үгийг ойлгоогүй бол толь бичгээс харахынхаа өмнө захиасны хам сэдвээс утга агуулгыг нь ойлгох гэж хичээ. Тэмдэглэх картан дээрээ тухайн үгээ нэм. Шаардлагатай бол өөрийн төрөлх болон номлолын хэл дээрх хоёр судрыг зэрэгцүүлэн ашигла.

    • Уншиж байхад дуудлага, аялгыг тань засаж, хаана завсарлаж ярихыг тань заах хүнтэй бай.

    • Номлолынхоо хэлээр бичих дасгал хий. Жишээ нь, хувийн тэмдэглэл, сануулга, захидал, баярласнаа илэрхийлсэн, урам зориг өгсөн зурвасууд гэх мэт. Тараах Мормоны Номын хувиуд дээр гэрчлэлээ бич.

  7. Бусдаас тусламж хүс. Доорх санаануудыг ашиглах талаар бодож үз. Үүнд:

    Зураг
    Гватемал ээж
    • Хэрэв хамтрагч тань унаган хэлтэй хүн бол энэ сайхан боломжийг ашиглан, байнга асуулт тавьж, санал бодлыг нь сонс.

    • Хамтрагчаасаа болон унаган хэлээр ярьдаг хүмүүсээс хэлийг тань засаж залруулахыг мөн сайжрах арга зам зөвлөхийг хүс. Хэрэв тэд таны мэдэхгүй үгийг ашиглавал ямар утгатай болохыг тайлбарлахыг тэднээс хүс. Хүүхдүүд болон өвөө, эмээ нар туслахад үргэлж бэлэн байдаг.

    • Хичээл заалгаж байгаа хүмүүсээсээ өөрт тань туслахыг хүс. “Би танай хэлийг сурч байгаа юм. Надад туслаач. Тохирох үг сонгож чадахгүй байвал надад туслаарай” гэх мэт тайлбарла.

    • Тодорхой тусламж хүсэхээс бүү зайлсхий. “ … гэхийг юу гэж хэлдэг вэ?” “ … гэхийг яаж дууддаг вэ?” “__________гэдэг нь ямар утгатай вэ?” “Дахиад нэг хэлээд өгөөч?” Хариултуудыг бичиж аваад, судал.

    • Гишүүдээс тэмдэглэх картан дээрх үгээр эсвэл үгсийн жагсаалтаар шалгалт авахыг мөн судраас чанга уншихад тань туслахыг хүс.

  8. Сурах төлөвлөгөөгөө дүгнэж, өөрчил. Сурах төлөвлөгөө тань үр дүнтэй байгаа эсэхийг мэдэхийн тулд долоо хоног бүр нэгтгэн дүгнэ. Чухам аль хэсэг дээр сайжрах тухайд зөвлөхөд хамтрагч болон номлолын удирдагчдаа урь.

Номлолынхоо хэлийг боломж гарах бүрд ашигла. өдрийн туршид боломж гарах бүрд уг хэлээр хамтрагчтайгаа ярь. Тухайн хэлээр зөв залбирч сурахын тулд хувьдаа болон олны дунд уг хэлээр залбир мөн зүрх сэтгэлдээ байгаа зүйлсийг үгээр илэрхийлж сур.

Алдаа гаргахаас бүү эмээ. Шинэ хэл сурч байгаа хүн бүхэн алдаа гаргадаг. Хүмүүс ойлгох бөгөөд өөрсдийнх нь хэлийг сурахын тулд гаргаж буй хүчин чармайлтад тань талархах болно. Хэллэгүүд болон судруудыг цээжлэх нь алдаа гаргахаас таныг сэргийлэх ч алдаа гаргахгүйн тулд цээжилсэн эсвэл бэлдсэн хэт урт үгээ ашиглан ярихгүй байвал зохино.

Үйл ажиллагаа: Хувиараа суралцах

Дээр дурдсан зааварчилгааг ашиглан сурах төлөвлөгөө гарга. Төлөвлөгөөгөө хамтрагчтайгаа эсвэл номлолын удирдагчтайгаа авч ярилц.

Хамтрагчтайгаа хамт суралцах

Хэлээ аль болох хурдан сайн сурч, амжилт гаргахад нь хамтрагчдадаа тусал. Хамтрагчийнхаа болон бусад номлогчийн гаргаж буй амжилтыг чин сэтгэлээсээ, ойр ойрхон сайшаа. Тэдний өөртөө итгэх итгэлийг сулруулах аливаа зүйл хэлэхээс болгоомжил. Гэхдээ тэднийг хэт хамгаалан, сурч мэдэх боломжийг нь бүү хаа. Хэрэгтэй үед нь тусламж үзүүлэхээс бүү татгалз. Амжилттай зааж, гэрчлэх олон боломжийг тэдэнд олго. Хамтрагчтайгаа хамт суралцах доорх санаануудыг бодож үз. Үүнд:

  • Сурсан дүрэм болон шинэ үгээ бие биедээ заа.

  • Номлолынхоо хэлээр заах дасгал хий. Эхэндээ шинэ номлогчид маш энгийнээр зааж, энгийн гэрчлэл хуваалцаж, цээжилсэн судруудаа хэлж болно. өөртөө итгэх итгэл, чадвар нэмэгдэхийн хэрээр тэд бусдад заах үйл явцад илүү идэвхтэй оролцох боломжтой болно.

  • Номлогчид тохиолддог нийтлэг нөхцөл байдлын үед хэлээ ашиглан ярих дадлага хий.

  • Бие биедээ энгийн, бодитой санал зөвлөгөөг найрсгаар илэрхийл. Түүнчлэн өгсөн санал зөвлөгөөг гомдолгүй хүлээн авах нь чухал.

Доорх үнэн түүхээс илүү туршлагатай нэгэн номлогч хамтрагчдаа хэрхэн тусалсныг анзаар.

Намайг дөнгөж хоёр дахь бүсдээ ирсний дараа хамтрагч маань оройн хоолны уулзалт дээр энэ удаа сүнслэг бодлоо хуваалцах миний ээлж ирснийг надад хэлсэн юм. Би маш их айж байлаа. Эхний хамтрагч маань үргэлж заах дуртай байсан бөгөөд хичээлийн үед би хичээлээс багахан хэсгийг заагаад, хамтрагч маань цааш өргөжүүлэн, аливаа асуултад хариулдаг байсанд бүр дасчихсан байв.

Би хамтрагчаа сүнслэг бодол өөрөө хуваалцсан нь дээр гэж ятгахыг оролдсон ч тэр намайг энэ даалгаврыг авахад урамшуулсан юм. Би түүний туслалцаатай дадлага хийсэн.

Цаг нь болоход би судраа нээгээд, 3 Нифай 5 болон 7-г уншлаа. Надад хэцүү байсан ч би яагаад сонгосон судрын хэсэг маань чухал болохыг тайлбарлаад, санаа амрав. Асуулт тавихад нь би хариулахыг нь хүлээн хамтрагч руугаа харсан ч тэр амаа нээсэнгүй. Амнаас маань ойлгогдохуйц франц хэлээр хариулт урсан гарахад би өөрөө ч гайхав. Харилцан ярих чадвартаа итгэлгүй байгааг маань уг гишүүн анзаараагүйд би бүр ч их гайхав. Би ч өөртөө итгэх болж, миний франц хэл бодож байснаас минь хавьгүй дээр байсныг ухаарч билээ.

Долоо хоногууд өнгөрсөөр, би өөрийгөө чадна гэдэгт итгэлгүй байсан ч мөн намайг хийж чадахгүй гэж бодож байсан байж магадгүй үед ч хамтрагч маань надаар заалгуулсаар байв. Тэр намайг ярьж, сонсож, заахад урамшуулдаг байсан тул миний хэлний чадвар хурдан сайжирч, би өөрийгөө зүгээр нэг өөр, ахлагчийн дуугүй суудаг хамтрагч байхын оронд Тэнгэрлэг Эцэгийн зэмсэг болсноо мэдэрсэн юм.

Үйл ажиллагаа: Хувиараа болон хамтрагчтайгаа суралцах

  • Хэрэв та шинэ номлогчтой ажиллаж байгаа бол хэл сурахад нь хамтрагчдаа хэрхэн тусалж чадах вэ?

  • Хэрэв та шинэ номлогч бол ахлах номлогчоосоо ямар тусламж хүсэж болох вэ?

Зан заншил болон хэлийг сурах

Зан заншил, хэл хоёр нягт уялдаа холбоотой. Зан заншлыг нь ойлговол уг хэл яагаад ийн хэрэглэгдэж байгааг тайлбарлахад тусалдаг. Хүмүүсийн зан заншлыг ойлгохыг хичээ. Ингэснээр та Сэргээлтийн захиасны өвөрмөц талуудыг тэдэнд ойлгомжтой арга замаар зааж чадна.

Хүмүүсийн итгэл, хайр хүндлэлийг олж авахын тулд таны хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг бол тэдний зан заншлыг зохих ёсоор хүлээн зөвшөөрөх явдал юм. Олон агуу номлогч ийн хүлээж авсан байдаг (1 Коринт 9:20–23-ыг үзнэ үү). Хүмүүсийг таныг болон таны хэлийг тав тухтай тайван хүлээн авахаар эрэлхийл.

Үйл ажиллагаа: Хувиараа болон хамтрагчтайгаа суралцах

  • Азид номлолд үйлчилж байна гэж төсөөл. Хэн нэгэнд та амилуулалтын талаар заахаар төлөвлөж байгаа бөгөөд буддын шашинтнууд дахин төрөх гэдэгт итгэдгийг та мэддэг. Энэ сургаал дахин төрөх гэдгээс маш өөр гэдгийг тухайн хүнд ойлгуулахын тулд та амилуулалтын талаар хэрхэн заах вэ? Та үүнийг ойлгуулахын тулд ямар үг, хэллэгийг сурах шаардлагатай вэ?

  • Хичээл заалгаж байгаа хүмүүсийнхээ амьдралын зан заншил, шашны нөхцөл байдлын талаар бод. Амьдралын мэдлэгээс сайн мэдээний сургаалыг буруу ташаа ойлгоход хүргэж болох аливаа хэсгийг тодорхойл. Энэ сургаалыг тодорхой заах арга замыг төлөвлө.

Хэлний бэлэг

Сүнсний бэлгүүд бодит юм. Хэлээр ярих болон хэлнээс хөрвүүлэх бэлэг нь номлолынхоо хүмүүсийн хэлээр ярьж, ойлгоход тань өөр бусад ямар ч зүйлээс илүү тусалж болно.

Хэлээр ярих болон хэлнээс хөрвүүлэх бэлэг нь Сүнсний хишиг хүртсэнээр үл мэдэгдэх хэлээр ярьж, ойлгох гэх мэт олон байдлаар илэрдэг. Үүнд мөн бусдын мэдэх хэлийг заалгаж эсвэл заалгалгүйгээр ойлгож, ярих ордог.

Өнөө үед хэлээр ярих болон хэлнээс хөрвүүлэх бэлэг нь номлолын хэлээрээ ярьж, ойлгохын тул Сүнсний тусламжаар судалж, сурах маягаар ихэвчлэн илэрдэг. Үүнээс гадна, таны болон танаас хичээл авч байгаа хүмүүсийн хооронд хэлний бэрхшээл байвч гэрчлэлийн тань үнэнийг Ариун Сүнс үзүүлж чадна. Үүнтэй адил, таныг номлолынхоо хэлээр хүмүүст зааж байхад үг, хэллэгээ санахад мөн хүмүүсийн чин сэтгэлээсээ хэлж байгаа үгийг ойлгоход Ариун Сүнс тусалдаг.

Гэвч та энэ бэлгийг хичээж чармайлгүйгээр хүлээн авахгүй. Та энэхүү бэлгийг авахын тулд идэвхтэй эрэлхийлэх ёстой. Хэлээр ярих бэлгийг эрэлхийлэхийн нэгэн хэсэг бол хөдөлмөрлөж, зовлон бэрхшээл туулж, уг хэлийг сурахын тулд чадах бүхнээ хийх явдал юм. Залбирч байгаад хэлээ сурч, давтахдаа тэвчээртэй бай. Амьдрах ёстой замаараа амьдарч, чадахынхаа хэрээр хичээх үед Сүнс танд тусална гэдэгт итгэ. Хэлээр ярих бэлгийг хамгийн бодит, өргөн хүрээгээр хүлээж авч чадна гэдэгтээ итгэ.

Өөрийгөө хүссэнээрээ ойлгомжтой илэрхийлж чадахгүй байна гэж бодож байгаа үедээ Сүнс Бурханы бүх хүүхдийн зүрх сэтгэлд ярьж чаддаг гэдгийг сана. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Номлогч бүрд нийтлэг нэг хэл байдаг нь Сүнсний хэл юм. Үүнийг бичгийн хүний бичсэн номоос сурдаггүй мөн уншиж, цээжилснээр эзэмшчихдэггүй. Сүнсний хэл нь Бурханыг мэдэхийг мөн Түүний бурханлаг зарлигуудыг сахихыг бүхий л зүрх сэтгэлээрээ эрэлхийлдэг хүнд өгөгддөг. Энэ хэлээр чөлөөтэй ярьдаг болбол саад тотгорыг нурааж, бартааг туулж, хүмүүний зүрх сэтгэлд хүрч чадах болно” хэмээн хэлсэн (“The Spirit Giveth Life,” Ensign, June 1997, 2).

Дараах зүйлсийг сана

  • Эхлээд зааж буй сургаал, хичээлүүдээ төрөлх хэлээрээ судал.

  • Эдгээр сургаалыг болон өөрийн бодол санааг номлолынхоо хэлээр илэрхийлж сур.

  • Хэл сурах төлөвлөгөө гаргаж, номлолынхоо хэлний чадвараа сайжруулахын тулд шинэ санаануудыг байнга туршиж үз.

  • Номлолынхоо хүмүүстэй ойлголцож, харилцахад туслуулахын тулд Сүнсний удирдамж эрэлхийл.

Суралцаж, амьдралд хэрэгжүүлэх санаа

Хувиараа суралцах

  • Энэ бүлэгт өгсөн зөвлөгөөнүүдийг авч үз. Туршиж үзээгүй зөвлөгөөнүүдийг тодорхойлж, ирэх хэдэн өдөр туршиж үзэх зорилго тавь.

  • Дараагийн дүүргийн зөвлөлийн хурал дээр хэл сайн эзэмшсэн туршлагатай номлогчоос хэл сурахын тулд юу хийснийг нь асуу.

  • Ахлагч Ричард Г.Скоттын доорх мэдэгдлийг уншаад ярилц. “Хэрэв тухайн улс үндэстний уламжлал, ёс заншил Бурханы сургаалтай харшилж байвал тэдгээрийг бүү дага. Хэрэв уламжлал, ёс заншил нь Түүний сургаалтай нийцэж байвал тэдгээрийг эрхэмлэн хүндэлбэл зохино” (“Removing Barriers to Happiness,” Ensign, May 1998, 87). Үйлчилж буй газрын тань зан заншил өөрийнхөөс тань юугаараа өөр байгааг бод. Ялгаануудыг жагсаан бич. Тэгээд сайн мэдээний сургаалтай нийцэхгүй байгааг нь хас. Үлдсэнийг нь бодож үзээд, эдгээр зан заншлыг хэрхэн өөрийн болгох талаар бод.

  • Доорх зүйлсээс нэгийг нь номлолын хэлээрээ хийхэд бэлдэхэд туслах сурах төлөвлөгөө гарга.

    • Иосеф Смитийн түүхийг ярь.

    • 3 Нифай 11-ийг тоймлон ярь.

    • Алма 32-ыг тоймлон ярь.

    • Нифайн болон гуулин ялтаснуудын тухай түүхийг ярь (1 Нифай 3–5-ыг үзнэ үү).

    • Эрин үеүдийг тайлбарла.

    • Хувийн туршлагаасаа ярь.

  • Нэг хичээлийн мэдэхгүй үгсээр тэмдэглэх карт хий. Үгнүүдийг бүгдийг нь сурах хүртлээ картаа биедээ авч яв.

Хамтрагчтайгаа суралцах

  • Номлолынхоо хэлээр номлогчийн хичээлийг бие биедээ заах дадлага хий.

  • Дуудлагыг тань сонсож, сайжрахад тань туслахыг хамтрагчаасаа хүс.

  • Заахдаа ашиглахыг хүсэж байгаа судрын түүх, хэсгүүдийг сонго. Тэдгээрийг өөрийн үгээр хураангуйлан ярих дадлага хий.

  • Энэ бүлэг дэх санаануудыг эргэн үз. Ирэх долоо хоногт хамтрагчтайгаа суралцах үеэрээ аль зөвлөгөөг ашиглахаа ярилц.

  • Хэрэв та шинэ номлогчийг сургаж байгаа бол хамтрагчийг тань ойлгохгүй байсан тохиолдлуудыг анхаар. Хамтрагчид тань туслах холбогдох үг, хэллэг, зөв бичих дүрмийн жагсаалт гарга. Жагсаалт дээрх үгсийг дараагийн, төлөвлөсөн үйл ажиллагаан дээр хэрхэн ашиглахыг тайлбарлаж мөн дадлага хий.

Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл

  • Унаган хэлтэй хүмүүсийг хуралд урь. Номлогчдыг заах жижигхэн бүлгүүдэд хуваа. Номлогчдын хэлний талаар тэмдэглэл үйлдэж, санал зөвлөгөө өгөхийг унаган хэлтэй хүмүүсээс хүс.

  • Цуглаан болохоос өмнө хэлээ хэрхэн амжилттай сайн сурсан талаар ярих даалгаврыг нэг эсвэл хоёр номлогчид өг. Бодол санаагаа хуваалцах боломжийг тэдэнд олго.

  • Номлогчдод ихэнхдээ хэцүү байдаг хэлний зарим хэсгийг товч тайлбарлах даалгаврыг нэг туршлагатай номлогчид өг. Хэрхэн оновчтой хэрэглэх жишээнүүдийг танилцуулж, номлогчдоор дадлага хийлгэ.

  • Тухайн газар төрсөн, зан заншлыг нь сайн мэдэх номлогчдод тус болох санаагаа хуваалцах боломж олго.

Номлолын ерөнхийлөгч, түүний хамтрагч ба зөвлөхүүд

  • Сурч буй хэлээр нь номлогчидтой үе үе ярилцлага хийж, харилцан ярилц.

  • Номлогчид хэлний ур чадвараа хэрхэн сайжруулж болох талаар санаа өгөхийг орон нутгийн санваарын удирдагчдаас асуу.

  • Номлолын хэлээ сурч буй номлогчдын гаргадаг хамгийн нийтлэг алдааг тодорхойл. Эдгээр алдааг засах тухай удирдамж зааврыг бүсийн чуулган эсвэл номлолын удирдагчдын зөвлөлийн хурал дээр өг.

  • Сүнслэг бэлгүүдийн талаарх сургаалыг номлогчдод заа.

  • Номлолын хэлээрээ зааж байхад нь номлогчдыг ажигла.

  • Тухайн хэлээр номлогчидтой ярилцах боломжийг эрэлхийл.