Номын сан
Амьдралаа Есүс Христ дээр төвлөрүүл


“Амьдралаа Есүс Христ дээр төвлөрүүл,” Сэдэв ба асуулт (2023)

Зураг
Африкт амьдардаг гэр бүл ширээ тойрон суугаад, хамтдаа судар уншиж байгаа нь

Асуултынхаа хариултыг эрэлхийлэх

Амьдралаа Есүс Христ дээр төвлөрүүл

Есүс Христэд итгэх итгэл нь амьдралын хамгийн хүнд хэцүү асуултуудын хариултыг эрэлхийлэхэд амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Ихэнхдээ бид итгэлийг хүчтэй итгэл үнэмшил гэж боддог. Гэхдээ итгэл нь үнэмшлээс илүү. Үүнд найдвар, итгэл, үнэнч байдал ордог. Хэцүү асуулт эсвэл асуудал гарч ирэхэд бид үргэлж Есүс Христэд хандах боломжтой. Түүний үгийг сонсож, сургаалыг нь дагаж, Түүнтэй адилаар бусдыг хайрлахыг хичээснээр бидний итгэл өснө.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Ах, эгч нар аа, та бүхнийг Энх Амгалангийн Ханхүүд итгэх итгэлээ хөгжүүлэх аваас амар амгалан та нарын бодгальд ирэх болно”1 гэж заасан. Санавал зохих зүйлсийг дурдъя.

  • Есүс Христ бол бидний итгэлийн хөдөлшгүй суурь. Өдөр тутмын амьдралдаа бид олон хүн, байгууллагад итгэдэг. Үүнд гэр бүлийн гишүүд, найз нөхөд, засгийн газар, ажил олгогчид орно. Гэхдээ Есүс Христ бол амар амгалан байдал болон авралаа бүрэн даатгаж болох цорын ганц хүн юм. Сүм нь хүмүүсийг Түүнд авчрахын тулд байгуулагдсан. Итгэлийн хувьд зарим зүйлд эргэлзэж байсан ч та Есүс Христэд бүрэн итгэж чадна.

  • Есүс Христ бусдын зовлонг төгс ойлгож чаддаг. Хамгийн хүнд хэцүү сорилт бэрхшээл маань биднийг Аврагчид ойртуулдаг. Христээс өөр хэн ч бидний зовлон бэрхшээлийг бүрэн ойлгож чадахгүй. Тэрээр үйлчилж байсан хүмүүстэйгээ хамт уйлсан. Тэрээр ганцаардал, сүнсний шаналлыг туулж, тэр ч байтугай Эцэгийнхээ оршихуйгаас авагдаж байсан. Та Түүнд хандаж, ойлголт, хайр энэрлийг олж авч чадна.

  • Бурханы авралын төлөвлөгөө бидэнд зөв харах өнцгийг өгдөг. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг анхаарч үзвэл бидний олон асуулт өөр өөр харагддаг. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Энэ төлөвлөгөөний талаарх мэдлэг бидэнд байгаа тул бидний ойлголт бусад хүнийхээс өөр. Иймээс бид маш чухал сэдвүүдээр өөр өөр дүгнэлтэд хүрдэг”2 гэж заасан. Асуултаа авралын төлөвлөгөөний хүрээнд авч үзэх нь асуудлаа мөнхийн өнцгөөс харахад бидэнд тусална.

  • Асуултуудыг үндсэн болон хоёрдогч гэж хуваадаг. Заримдаа бидэнд түүхэн үйл явдал, Сүмийн сургаал, бодлого эсвэл хүний бүтэлгүйтэлтэй холбоотой асуулт, асуудал гарч ирдэг. Ийм асуултууд гарч ирсэн ч амар амгалан байхыг бид чин сэтгэлээсээ хичээх ёстой. Гэхдээ сайн мэдээний суурь үнэнийг амин чухал биш зүйлээс ялгах нь чухал. Иосеф Смит Аврагчийн авралын үйл хэргийг тойрсон үнэнүүдээс “бусад бүх зүйл эдгээрийн зөвхөн хавсралт төдий билээ”3 гэж заасан.

  • Итгэлийг сонго. Сүнслэг мэдлэгтэй болох нь “үзэгдэх зүйлсээр бус, харин итгэлээр алха[хыг]”4 шаарддаг. Хэрэв бид сүнслэг зүйлсийн бодит нотолгоог авахыг хүлээх юм бол Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх үйл явцаа хэзээ ч эхлүүлэхгүй. Ахлагч Дэйл Г.Рэнланд: “Итгэлийг өсгөн нэмэгдүүлэхийн тулд хүн эхлээд итгэлтэй байхаар шийдэх хэрэгтэй. Тэрээр итгэлтэй байх хүсэлтэй байж, үүнийхээ дагуу үйлдэх хэрэгтэй”5 гэж заасан.

  • Үнэн гэж мэддэг зүйлээсээ тууштай зууран барь. Ахлагч Жэффри Р.Холландын зөвлөснөөр итгэлдээ итгэлгүй байвал “Мэддэг зүйлээсээ тууштай зууран, илүү их мэдлэг иртэл тэвчээртэй байцгаа.”6 Өмнөх сүнслэг туршлагадаа итгэ. Тэдгээр нь Бурхан таны Есүс Христэд итгэх итгэлийг сүнслэг баталгаагаар шагнадаг гэдгийн нотолгоо юм.

Чухал судар: Ром 8:35, 37–39; 2 Нифай 4:34–35; Мозая 4:9; Хиламан 5:12