Номын сан
Найдвартай эх сурвалжийг хар


“Найдвартай эх сурвалжийг хар,” Сэдэв ба асуулт (2023)

Зураг
Охин, хүү хоёр судар уншиж байгаа нь

Асуултынхаа хариултыг эрэлхийлэх

Найдвартай эх сурвалжийг хар

Ахлагч Дийтр Ф.Угдорф: “Дэлхийн аль ч түүхэд ийм их мэдээллийг одоогийнх шиг амархан олж авч байсангүй. Эдгээр мэдээллийн зарим нь үнэн, зарим нь буруу, ихэнх нь үнэний хувьтай байдаг. 1Ийм эргэлзээтэй нөхцөлд Сүмийн гишүүд зөвхөн баталгаатай, найдвартай, баримттай мэдээллийн эх сурвалжуудыг эрэлхийлж, хуваалцах ёстой.”2 Бид цуурхал дээр үндэслэсэн эсвэл маргаан, уур хилэнг өдөөсөн эх сурвалжуудаас зайлсхийх ёстой.

Мэдээллийн эх сурвалжийн чанарыг үнэлэн дүгнэж сурахад сүнслэг болон оюуны хөдөлмөр шаардагддаг. Мэдээллийг үнэлж дүгнэхэд туслах зарим зөвлөгөөг дурдъя.

  • Эх сурвалж тань найдвартай эсэхийг үнэлж дүгнэ. Аль ч сэдвийн бүхий л эх сурвалжууд яг адил үнэ цэнтэй байх нь үгүй. Хамгийн шилдэг эх сурвалж хов жив, цуу ярианд суурилсан бас далд агуулга агуулсан байдаггүй, харин тухайн сэдвийн талаарх мэдлэгийг шууд эх сурвалжаас нь авсан байдаг. Тэд мэдлэгийг шууд эх сурвалжаас нь, мэргэжлийн байр сууринаас өгдөг. Тэд бусад нэр хүндтэй эх сурвалжуудыг эш татсанаар тэдний мэдэгдлийг шалгах боломжийг танд олгодог. Найдвартай эх сурвалжууд таны бодож байгаа зүйлийг үргэлж батлахгүй байх нь бий. Тэдний мэдээлэл таны үзэл бодолтой таарахгүй байж ч мэднэ. Хэрэв танд Сүмийн албан ёсны сургаалын талаар асуух зүйл байвал эхлээд Сүмийн одоогийн удирдагчдын юу хэлсэн, юу хэлээгүйг хар. Энэ нь танд өөр, өмнөх мэдэгдлүүдээ үнэлж дүгнэхэд тусална.

  • Нэг тал руу хэт туйлширсан ойлголтыг таньж сур. Бараг бүх эх сурвалж ямар нэгэн байдлаар аль нэгэн тал руу хэт туйлширсан байдаг. Энэ нь тэдгээрийг шууд найдваргүй болгодоггүй ч мэдээллийн эх сурвалж болох хүний харах өнцгийг бодолцож үзэх нь чухал. Эх сурвалжийнхаа сэдэл, үндэслэлийг шалга. Өөрийгөө аль нэгэн талыг баримтлаагүй, нийгмийг үймээн самуунд уриалаагүй гэж байгаа эх сурвалжуудаас болгоомжил.

  • Сурч мэдсэн зүйлээ баримтаар нотол. Олон найдвартай эх сурвалж санал нэгдэж байгаа эсвэл тухайн сэдвээр тодорхой ярьсан байх нь чухал. Нэн ялангуяа Сүмийн түүх, сургаалыг авч үзсэн эх сурвалжийг судлахад энэ нь маш чухал. Хэдийгээр эх сурвалжууд ийн санал нийлэх нь ховор ч эх сурвалжийн чанарыг сайтар үнэлж дүгнэхийн тулд авсан мэдээллүүдээ харьцуулах нь тустай.

  • Баримтыг тайлбараас ялган салга. Зарим мэдээлэл баримттай. Гэхдээ интернэт болон бусад хэвлэлд бичсэн зүйлсэд баримт мэдээллийн талаарх хэн нэгний тайлбарыг тусгасан байдаг. Хамгийн сайн тайлбар нь бүх баримтыг оруулахыг хичээдэг. Тэд тодорхой мэдээлэл эсвэл баримтыг илүү өргөн хүрээнд авч үзэж, үнэн зөвийг нь зохих ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэд тодорхой үзэл бодолтой нийцэхгүй мэдээллийг зүгээр үгүйсгэдэггүй. Тухайн тайлбарт ашигласан эх сурвалжуудыг шалган, тэдгээр нь мэдээллийг баталж, утга агуулгыг үнэн зөв гаргасан эсэхэд анхаар.

  • Сүмийн эх сурвалжуудтай сайтар танилц. Сургаал, Сүмийн бодлого журамтай холбоотой асуудалд тохирох хамгийн сайн эх сурвалж бол судрууд, амьд бошиглогчдын сургаал болон Ерөнхий гарын авлага юм. Сүм нь мөн Сүмийн түүх, соёлын талаар хожмын үеийн гэгээнтнүүдийн тавьдаг хамгийн түгээмэл зарим асуултыг илүү сайн ойлгоход танд туслах нэмэлт эх сурвалжуудыг нийтэлсэн байгаа. Танд асуултуудаа эдгээр эх сурвалжаас хайх нь тустай байж болох юм.

  • Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Заримдаа шинэ мэдээлэл дунд толгой тань эргэж магад. Ийм мэдрэмж төрөх нь мэдээлэл тань үнэн биш гэсэн үг биш юм. Дээр дурдсан ур чадваруудаас гадна Ариун Сүнсний нөлөөг эрэлхийл. Тэрээр танд үнэнийг ялган танихад тусална. Тэр таны “оюун ухааныг гэгээрүүлэн,”3 харах өнцгөө шинээр олж мэдсэн үнэнийхээ гэрэлд тусган харахад туслах болно. Тусламж гуйн залбир. Сүнс тантай ярьж болохоор амьдар. Асуудлаа шийдэхдээ сүнслэг өдөөлтөд нээлттэй бай.

Чухал судар: 2 Тимот 3:14–16; Иаков 4:13; Сургаал ба Гэрээ 19:38

Эх сурвалж

  1. Dieter F. Uchtdorf, “Our Search for Truth,” New Era, Aug. 2020, 2.

  2. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 38.8.41, Gospel Library.

  3. Сургаал ба Гэрээ 11:13