Номын сан
Хайраар хариул


“Хайраар хариул,” Сэдэв ба асуулт (2023)

Зураг
Уругвайд амьдардаг аав хүүгээ тэвэрч байгаа нь

Асуултынхаа хариултыг авахад бусдад туслах

Хайраар хариул

Ойр дотнын хүн тань Сүмийн талаар асуулт, асуудал байгаагаа хуваалцах үед сэтгэл тань шаналж, санаа зовох нь хэвийн үзэгдэл юм. Эдгээр сэтгэл хөдлөлөө барьж, эелдэг, энэрэнгүй байдлаар хариулахыг хичээ. Та өөр хүнд тохиолдсон зүйлийг бүрэн ойлгохгүй байж болох ч Есүс Христийн үлгэр жишээг дагаж, хайртай гэдгээ үргэлж харуулж чадна.

Заримдаа хүмүүс ойр дотно хүмүүсээ алдчих вий гэж эмээсэндээ зовлон бэрхшээлээ хуваалцаж чаддаггүй. Хэрэв хэн нэгэн тантай холбоо барих юм бол тэд тусламж дэмжлэг хайж байна гэсэн үг. Юу хийх, юу хэлэхээ мэдэхгүй байсан ч хайраар хариул. Таны бодлоор тэд буруу зүйлийг сонгосон байсан ч тэдэнд энэрэнгүй хандаж, сайхан сэтгэлээ харуулахыг хичээ.

Хүмүүсийг тантай асуултаа хуваалцах үед тэдэнд хайраа харуулахад туслах зарим зарчмыг дурдъя.

  • Хайраар ярь. Даруу, эелдэг, чин сэтгэлээсээ харилц. Христтэй адилаар хайраа харуулахад уран сайхан үг хэл, гайхалтай санаанууд хэрэггүй. Хайраа энгийн, чин сэтгэлээсээ, ахин дахин илэрхийл. Сүнсний удирдамжийн дагуу, “найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөх”1 зөв цаг, арга замыг эрэлхийл.

  • Тэдэнд утга учиртай арга замаар үйлчил. Хайрлаж буйгаа харуулах, ямар ч үед хамт байна гэдгээ илтгэх арга замуудыг хайж ол. Үнэ цэнтэй гэдгээ мэдрэхэд нь юу тус болохыг мөн тэднийг хэрхэн дэмжин туслахаа асуу. Дараа нь мэдэж авсан зүйл дээрээ тулгуурлан юу хийж болохоо бодож үз. Таны үйлчлэл хайрлаж хэлсэн үгсийг тань бататгаж, санаа тавьж байгааг тань тухайн хүнд харуулна.

  • Харилцаагаа хадгалж үлд. Шууд хариулахаасаа өмнө илүү их хайр, итгэлцлийн харилцаа үүсгэхийг чухалчил. Зөв зорилго тавих нь яриагаа үргэлжлүүлэхэд тусалж байж болох юм. Гэрээгээ сахихын зэрэгцээ харилцаагаа авч үлдэх нь эерэг нөлөөг цаашид ч үзүүлэхэд хамгийн тохирох арга зам юм.

  • Тэднийг Их Эзэний мэлмийгээр харахыг хичээ. Ахлагч Дэйл Г.Рэнландын зааснаар “Бурханы мэлмийгээр харахаас нааш бид гашуудах тэдний хамт гашуудаж, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулах үүрэг болон гэрээгээ бүрэн гүйцэтгэж чадахгүй.”2 Таны найз эсвэл хайртай хүн тань бурханлаг чадавхтай Бурханы хүүхэд юм. Тэд төлөөлөгч Петрийн хэлснээр бидний амьдралд тохиох ёстой сорилттой тулгарч байгаа хэрэг.3 Есүс Христ шавь нартаа Өөртэй нь адил бусдыг хайрлахад уриалдаг.4 Тэднийг Түүний өнцгөөс харахыг хүсэн залбир.

  • Нөхцөл, болзол тавилгүй хайрла. Бидний хайртай хүн биднээс өөр зүйлд итгэх болсон бол эсвэл бидний ойлгож чадахгүй шийдвэрийг гаргавал түүний сонгох эрхийг хүндэлж, үргэлжлүүлэн хайрла. Бид өөрсдийн гүн гүнзгий итгэл үнэмшлийг орхихгүйгээр ийн үйлдэж чадна. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард: “Бид хувь хүний шашны зарчмуудаа хөсөр хаялгүй, нэг нэгнээ хайрлаж чадна. Мөн бид бусдыгаа дорд үзэлгүйгээр эдгээр зарчмынхаа тухай ярьж болно”5 хэмээн заасан.

Чухал судар: Сургаалт үгс 15:1; Иохан 13:34–35; Сургаал ба Гэрээ 52:16; 121:41–42