Номын сан
Даруу байж сонс


“Даруу байж сонс,” Сэдэв ба асуулт (2023)

Зураг
Цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр суух хоёр хүний эмэгтэй нь ярьж, эрэгтэй нь сонсоно.

Асуултынхаа хариултыг авахад нь бусдад туслах

Даруу байж сонс

“[Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон] нэг удаа надад эмчийн үзлэг хийхэд мөрддөг хамгийн эхний дүрэм нь ‘Өвчтөнөөс хаана нь өвдөж байгааг асуух гэж хэлсэн юм. Тэр цааш нь: ‘өвчтөн тань зөв оношлох, бүр цаашлаад өвчнийг эдгээх хамгийн шилдэг хөтөч болох болно’1 хэмээн хэлсэн” гэж ахлагч Жэффри Р.Холланд дурссан байдаг. Таны найз эсвэл гэр бүлийн гишүүн Сүмийн талаарх ойлгоход хэцүү асуулт эсвэл асуудал байгаагаа танд илэрхийлбэл цаг гарган тэднийг сонс. Тэд танд итгэж байгаа учраас танд хандаж байгаа юм. Юуны өмнө тэдний хэрэгцээг ойлгохыг эрэлхийлэн, урмыг нь бүү хугалаарай.

Даруу байж сонсоход амаргүй. Энэ нь анхаарлаа төвлөрүүлж, тэвчээртэй байхыг шаарддаг. Гэхдээ энэ нь сурах боломжтой ур чадвар юм. Цааргалахгүй сонсож, бодит харилцаа холбоо үүсгэх нь эмзэг талаа харуулж эсвэл асуудлаа хуваалцаж буй хүнийг эдгээх болно. Хайртай хүмүүсээ илүү сайн сонсож, ойлгохын тулд дараах сонсох дасгалуудыг хийж үзээрэй. Үүнд:

  • Эхлээд ойлгохыг эрэлхийл. Бид бусдын асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэддэг гэж боддог. Бид зүгээр л тэдний асуултад хариулж, санаа зовох хэрэггүй гэж хэлэх гээд байдаг. Энэ зан нь ихэвчлэн бусдын хэрэгцээг үл ойшоон, өөрийгөө илүүд үздэг хандлагаас маань үүдэлтэй. Цаг гарган өнөөдөр тэднийг энэ байдалд хүргэхэд юу нөлөөлсөн түүхийг нь сонс. Тэдний асуултыг зөв ойлгосон эсэхээ нягтал. Тэдний үзэл бодол таны үзэл бодолтой таарахгүй байсан ч хүндэтгэлтэй ханд. Тэднийг шүүмжилж, буруутгахаас зайлсхий. Энгийн хялбар хариултыг хурдхан өгөх нь тэдэнд асуудлыг нь ойшоохгүй байна гэсэн мэдрэмжийг төрүүлж магад. Юуны өмнө тэдний үзэл бодлыг өөрчлөх гэж оролдохын оронд ойлгохыг хичээхээс эхлэх нь маш сайн.

  • Тэдэнд ямархуу байгааг ойлгож байгаагаа илэрхийл. Хэдийгээр бид бусдын асуудлыг ойлгохгүй эсвэл үүнтэй нь санал нийлэхгүй байж болох ч ний нуугүй ярьсанд нь талархаж, зовлонг нь ойлгож байгаагаа илэрхийлж болно. Заримдаа бид бусдын зовлонг ойлгохыг хичээхдээ тэдэнд тохиолдсон үйл явдлыг өөрсдийнхтэйгөө харьцуулдаг. Хүн бүрийн амьдралын туршлага өөр өөр гэдгийг санах нь чухал. “Би чамайг юу мэдэрч байгааг төсөөлж ч чадахгүй байна” эсвэл “Надад ойлгуулж туслаач” гэж хэлэх нь дээр байж болох юм.

  • Үл тоомсорлох, шүүмжлэхээс зайлсхий. Таны найз эсвэл хайртай хүн асуултынхаа талаар тантай ярилцахаасаа өмнө ихэнхдээ биечлэн судалж, эргэцүүлэн бодсон байдаг. Тэдний асуултыг үл тоомсорлох, шүүмжлэх замаар яриаг нь таслахаас болгоомжил. Энэ нь тэдэнд болон таны тэдэнд туслах чадварт хортой. Тэдний чин сэтгэлийн асуултыг та чин сэтгэлээсээ сонсохыг хичээх хэрэгтэй.

  • Сэтгэл хөдлөлөө хяна. Хайртай хүн тань итгэлдээ эргэлзэхэд хүргэсэн асуултаа танаас асуухад сэтгэл тань шаналж, санаа зовох нь хэвийн үзэгдэл юм. Эдгээр сэтгэл хөдлөлдөө автан, үр дүнтэй яриа өрнүүлэхэд саад учруулахгүй байхыг хичээ. Хэрэв таны уур хүрвэл түр завсарлаад, яриагаа хэсэг хугацааны дараа үргэлжлүүлж болох эсэхийг асуусан нь дээр. Аврагч бидэнд хэрүүл маргаан, уур хилэнгээс зайлсхийхийг зөвлөсөн.2 Бид санал нийлэхгүй байж болно гэдгийг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй.3

  • Нээлттэй асуултууд тавь. Нээлттэй асуулт тавих нь бусдад бодол санаа, мэдрэмж, туршлагаа хуваалцахад урамшуулдаг. Хариулт нь заавал зөв эсвэл буруу байх албагүй. Жишээлбэл: “Арай тодорхой ярихгүй юү?, Чи юу гэж бодож байна вэ?, Чи надад ойлгоход туслаач?, Би чамд туслахын тулд юу хийж болох вэ?” гэх мэт асуулт тавьж болно. Оновчтой асуулт нь санаа тавьж байгааг тань харуулж, үл ойлголцол үүсэхээс зайлсхийхэд тусална.

  • Тус болж чадахгүй байж магадгүй гэдгээ хүлээн зөвшөөр. Таныг зорьж ирсэн найз нөхөд, хайртай хүмүүс тань асуултаа танаас илүү судалсан байх өндөр магадлалтай. Танд бэлэн хариулт байхгүй эсвэл тухайн зүйлийн талаар анх удаа сонсож байвал эмзэглэх хэрэггүй. Ойлгоогүй зүйлээ тодруулахын тулд асуухаас бүү эмээ. Та тэдний дүгнэлттэй санаа нийлэхгүй байж болох ч өөрийн бодол санааг зөвөөр ойлгуулан зарим зүйлтэй санаа нийлж болох юм. Та мөн тухайн сэдвийг цаг гарган өөрөө судалж, нэмэлт мэдээлэлтэй болсон үедээ яриагаа үргэлжлүүлж болно.

Чухал судар: Ефес 4:29; Мозая 18:21; 3 Нифай 11:29

Эх сурвалж

  1. Jeffrey R. Holland, “Witnesses unto Me,” Ensign, May 2001, 15.

  2. 3 Нифай 11:29-ийг үзнэ үү.

  3. Microtraining 1: How to Disagree without Becoming Disagreeable,” in Answering My Gospel Questions (2022), 36–37-г үзнэ үү.