Номын сан
Аян замынх нь туршид тэдэнд тусал


“Аян замынх нь туршид тэдэнд тусал,” Сэдэв ба асуулт (2023)

Зураг
Хамтдаа явж буй аав, хүү хоёр

Асуултынхаа хариултыг авахад нь бусдад туслах

Аян замынх нь туршид тэдэнд тусал

Итгэлтэй холбоотой асуулттай тулгарсан зарим хүн асуудлаа хурдан шийдэж, цааш явдаг. Олон хүний хувьд асуудлаа шийдвэрлэхэд цаг хугацаа шаардагддаг. Таны хайр, урмын үг, аян замд нь хамт байх хүсэл тэдэнд итгэл найдвар олоход тусална.

Найздаа эсвэл хайртай хүндээ аян замд нь туслахдаа сайн мэдээний дагуу үргэлжлүүлэн амьдраарай. Өөр өөрийн гэсэн замууд тань хоорондоо уялдан холбогдож, та нарыг холдуулахын оронд ойртуулахад тусална. Ахлагч Гэррит В.Гонгийн зааснаар: “Бидний амьдралын аян хувь хүнийх боловч бид Бурханд болон бие биедээ мөн өөрсдөдөө найдаж байж Бурхан Эцэгт болон Түүний Хайрт Хүүд эргэн очиж чадна.”1 Бусдыг дэмжих, урамшуулах зарим зарчмыг дурдъя.

  • Ярилцаж болох итгэлтэй эх сурвалж нь бай. Найз эсвэл гэр бүлийн гишүүн тань асуултаа тавихдаа асуудлыг шийдэх хүнийг биш, харин аян замд нь зэрэгцэн алхах, өөрсдийг нь хайрладаг хүнийг хайж байгаа байх. Өрөвч сэтгэлтэй бай. Тэдний асуудал, сонголтоос үл хамааран та тэдэнд санаа тавьсаар байна гэдгээ хэл.

  • Хариултаа хайж олоход нь тусал. Энэ материалын “Асуултынхаа хариултыг эрэлхийлэх” хэсэгт авч үзсэн зарчмуудыг хуваалцах нь тэдэнд туслах нэг арга зам байж болох юм. Найздаа эсвэл гэр бүлийн гишүүндээ нийтлэг асуултуудаар нийтэлсэн Сүмийн материалыг олоход нь тусалж, тэдгээр эх сурвалжийн талаар ярилцахад бэлэн бай. Хэцүү асуултыг судлахдаа харах өнцгөө итгэл дээр төвлөрүүлсэн байхад тэднийг урамшуул. Сүнсээр өдөөгдсөн үед, тус болох судруудыг сануулж, үргэлжлүүлэн залбирахад тэднийг урамшуул.

  • Христтэй адил үлгэр жишээч бай. Сайн мэдээг хуваалцах хамгийн сайн арга замуудын нэг бол Христийнхтэй адил хайрыг харуулж, сайн сайхан амьдралаар амьдрах явдал юм. Та итгэлтэй хэвээр байж, гэрээнүүдээ сахиснаар тусалж байгаа хүмүүстээ сайн мэдээний дагуу амьдрахын баяр баясгаланг харуулдаг. Тэд таны зөвлөгөө, гэрчлэлийг сонсохгүй байж болох ч чин сэтгэлийн хайр, үнэнч байдлын үлгэр жишээ тэдэнд нөлөөлнө.

  • Нийтлэг зүйлээсээ эхэл. Та нийтлэг итгэл үнэмшил, сонирхол дээрээ тулгуурлан харилцаагаа бэхжүүлж болно. Тэдний асуултыг ярианыхаа гол сэдэв болгохоос зайлсхий. Зарим зүйлийг хүлээж авахгүй байгаа нь тэд бүгдийг нь үгүйсгэж байна гэсэн үг биш юм. Өмнө нь хамтдаа хийж гүйцэтгэдэг байсан үйл ажиллагаануудаа үргэлжлүүлэн цагийг өнгөрөө. Энэ явцад та хамтдаа судалж, хуваалцах шинэ зүйлсийг олж болох юм.

  • Сайн үйлийг хамтдаа хийх арга замыг ол. Сайн мэдээний баяр баясгаланг авчирдаг зарчмуудын дагуу сайн үйл хийхдээ найз нөхдөө эсвэл гэр бүлийн гишүүнээ хамт нэгдэхэд урь. Та тэднээс бусдад хамтдаа үйлчилж, урам зориг өгөх үйл ажиллагаанд оролцож эсвэл хамт олноо бэхжүүлэхийг хүсэж болно. Итгэлтэй холбоотой асуудлаас нь үл хамааран та хоёр хоёулаа хүрээлэн буй дэлхийгээ сайжруулахыг хүсдэг.

  • Үүнийг хийхэд цаг хугацаа шаардагдана гэдгийг хүлээн зөвшөөр. Бидний ойр дотно нэгэнд итгэлтэй нь холбоотой асуудал, асуулт гарч ирэх үед ятгалга эсвэл чин сэтгэлийн гэрчлэл асуудлыг нь шууд шийднэ гэж бид бодож болох юм. Сүнслэг асуудал, асуултад хурдан шийдэл байдаггүй гэдгийг санаарай. Тэдэнтэй урт удаан аян замд гарахад бэлэн байгаарай. Тэдэнд өсөж хөгжих цаг хугацаа, орон зай гаргаж өг. Итгэлээ илэрхийлэх арга зам нь өмнөхөөс нь өөр харагдаж байж болох ч энэ нь зүгээр гэдгийг хүлээн зөвшөөр.

Чухал судар: Исаиа 35:3–4; Галат 6:2; 1 Петр 3:15; Мозая 18:9; Сургаал ба Гэрээ 11:21

Эх сурвалж

  1. Гэррит В.Гонг, “Дахин найд,” Лиахона, 2021 оны 11-р сар, 47