Ерөнхий чуулган
Хувийн илчлэлт авах цогц дүрэм
2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Хувийн илчлэлт авах цогц дүрэм

Бид Ариун Сүнсний ажилладаг цогц дүрмийг ойлгох хэрэгтэй. Биднийг цогц дүрмийн хүрээнд үйлдэл хийхэд Ариун Сүнс гайхамшигтай ойлголт өгөх боломжтой.

Та нарын олонход нөлөөлсний адил надад ч мөн ахлагч Дийтр Ф.Угдорф олон жилийн туршид нөлөөлсөөр ирсэн. Энэ нь миний хэлэх гэж байгаа зүйлсийг зарим талаас нь тайлбарлана.1 Иймээс түүнийг жишээ болгон хэлэх үгэндээ дурдах гэж байгаадаа уучлал хүсье …

Сайн сургагдсан агаарын хөлгийн нисгэгч онгоцны хүчин чадлын хэмжээнд нислэг үйлддэг бөгөөд онгоцны хөөрөх, буух зурвасыг хэрхэн ашиглах бас нислэгийн замын талаар нислэгийн хөдөлгөөний удирдагчийн удирдамжийг дагадаг. Энгийнээр хэлбэл, нисгэгчид нэгэн цогц дүрмийн дагуу нислэг үйлддэг. Нисгэгчид хэчнээн гойд, хэчнээн авьяастай байх нь хамаагүй, гагцхүү энэ цогц дүрмийн дагуу ниссэнээр л энэ аварга том онгоцны нөөц бололцоог зорилгынх нь дагуу аюулгүй ашиглаж чадна.

Үүнтэй адил арга замаар, бид нэгэн цогц дүрмийн хүрээнд хувийн илчлэлт хүлээн авдаг. Баптисмын дараа бид гайхамшигт бөгөөд амьдралд тустай бэлэг болох Ариун Сүнсний бэлгийг хүртдэг.2 Биднийг гэрээнийхээ зам дээр үлдэхийг хичээхийн хэрээр3 “Ариун Сүнс … [бидний] хийвэл зохих тэр бүх зүйлийг [бидэнд] харуулах болно.”4 Бид эргэлзсэн эсвэл сэтгэл зовнисон үедээ Бурханд хандан тусламж гуйж болно.5 Аврагчийн “Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө; … гуйдаг бүр авна”6 гэсэн амлалт хамгийн тов тодорхой амлалт юм. Ариун Сүнсний тусламжтайгаар бид өөрсдийн тэнгэрлэг мөн чанарыг мөнхийн хувь заяа болгон өөрчилж чадна.7

Ариун Сүнсээр дамжин ирэх хувийн илчлэлтийн амлалт нисэж буй онгоцтой тун адил гайхал төрүүлэм юм. Мөн онгоцны нисгэгчийн адил бид Ариун Сүнсний хувийн илчлэлт өгөхийн тулд ажилладаг цогц дүрмийг ойлгох хэрэгтэй. Биднийг цогц дүрмийн хүрээнд үйлдэл хийхэд Ариун Сүнс гайхамшигтай ойлголт, чиглүүлэг, тайвшралыг өгөх боломжтой. Энэхүү цогц дүрмээс гадуур бол, бид гоц гойд эсвэл авьяас чадвартай байснаас үл шалтгаалан хууртагдаж, осолдож, шатаж болно.

Судруудад хувийн илчлэлт хүлээн авах энэхүү цогц дүрмийн эхний элементийг зааж өгдөг.8 Сударт гардгаар, Христийн үгэн дээр найрлах нь хувийн илчлэлтийг өдөөдөг. Ахлагч Робэрт Д.Хэйлс: “Бид Бурхантай ярихыг хүссэн үедээ залбирдаг. Түүнийг бидэнтэй яриасай хэмээн хүссэн үедээ бид судруудыг эрэлхийлдэг”9 гэж хэлжээ.

Судрууд түүнчлэн хэрхэн хувийн илчлэлт хүлээн авахыг заадаг.10 Бид зөв, сайн зүйлсийн төлөө гуйдаг11 мөн Бурханы хүслийн эсрэг зүйлийг гуйдаггүй.12 Бид өөрсдийн зорилгыг хэрэгжүүлэх гэж эсвэл өөрсдийн таашаалыг гүйцэлдүүлэх гэж зохистой бус шалтгаанаар “бурууг гуйдаггүй.”13 Энэ бүхнээс гадна, бид хүлээж авах болно гэж итгэн,15 Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгээс гуйх ёстой.14

Цогц дүрмийн хоёр дахь элемент бол бид хувийн илчлэлтийг бусдын өмнөөс бус, харин зөвхөн өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хүлээн авдаг явдал юм. Өөрөөр хэлбэл, бид өөрсдөд маань товлогдсон нислэгийн зурвас дээр хөөрч мөн газарддаг. Сайн тогтоосон нислэгийн зурвасын ач холбогдлыг Сэргээлтийн түүхийн эхэн үед ойлгож мэджээ. Мормоны Номын Найман гэрчийн нэг болох Хайрам Пэйж бүхий л Сүмийн төлөө илчлэлт хүлээн авсан гэж зүтгэсэн ажээ. Хэд хэдэн гишүүн хууртагдаж, буруу нөлөөнд автсан байв.

Хариуд нь Их Эзэн “миний үйлчлэгч Бага Иосеф Смитээс өөр хэн ч энэ сүмд зарлигууд хийгээд илчлэлтүүдийг хүлээн авахаар томилогдох нь үгүй, … түүний оронд би … өөр нэгнийг томилох хүртэл”16 хэмээн илчилжээ. Сургаал, зарлиг, Сүмийн төлөөх илчлэлтүүд бол Их Эзэн Есүс Христээс тэдгээрийг хүлээн авдаг амьд бошиглогчийн эрх дарх юм.17 Тэр бол бошиглогчийн нислэгийн зурвас юм.

Олон жилийн өмнө над руу хууль зөрчсөнийхөө улмаас баривчлагдсан нэгэн хүн утсаар залгасан юм. Тэрээр өөрийнх нь нэвтрэн орох гэж оролдсон байшингийн доод давхрын шалан доор нэмэлт судар булсан байна гэж өөрт нь илчлэгдсэн гэж ярив. Нэмэлт судрыг олж авмагцаа орчуулгын бэлэг хүлээн авна, хойшдоо шинэ судар авчирч, Сүмийн сургаал, удирдамжийн чиг зүгийг өөрчлөх болно гэж тэр зүтгэсэн. Намайг түүнд эндүүрч байгааг нь хэлэхэд энэ талаар залбирч үзээрэй гэж тэр гуйсан юм. Би түүнд залбирахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл тэр үг хэлээр доромжлон, утсаа таслав.18

Сүмийн төлөөх илчлэлтийг зөвхөн бошиглогч хүлээн авдаг гэсэн нэгэн энгийн бөгөөд гүн гүнзгий учир шалтгаанаар би тэрхүү хүсэлтийн талаар залбирах шаардлагагүй байсан юм. Бусад хүний хувьд бошиглогчийн нислэгийн зурваст харьяалагддаг иймэрхүү илчлэлтийг хүлээн авах нь “Бурханы жаягт харш”19 болох байсан.

Хувийн илчлэлт хувь хүмүүст хамаатай. Жишээлбэл: Та хаана амьдрах, ямар мэргэжлийн замаар явах эсвэл хэнтэй гэрлэх зэрэгт илчлэлт хүлээн авч болно.20 Сүмийн удирдагчид сургаал зааж, сүнслэг нөлөө бүхий зөвлөгөөг хуваалцаж болно. Гэхдээ эдгээр шийдвэрийн төлөөх хариуцлага нь танд оногддог. Тэр бол таны хүлээн авах илчлэлт. Тэр бол таны нислэгийн зурвас юм.

Цогц дүрмийн гурав дахь элемент бол хувийн илчлэлт нь Бурханы зарлигуудтай, бидний Түүнтэй байгуулсан гэрээтэй нийцэж байх явдал юм. “Тэнгэрлэг Эцэг ээ, Сүмийн үйл ажиллагаа уйтгартай байна. Хүндэтгэлийн өдрөөр уулан дээр эсвэл далайн эрэг дээр Таныг шүтэн биширч болох уу? Сүм рүү явах, ариун ёслолоос хүртэхээс чөлөө авсан ч Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад ирдэг адислалыг үргэлжлүүлэн хүлээн авч болох уу?”21 гэх зэргээр залбирдаг залбирлыг эргэцүүлэн бодоорой. Иймэрхүү залбирлын хариуд бид Бурханы “Хүү минь, Хүндэтгэлийн өдөртэй холбоотой хүслээ би аль хэдийн илчилсэн” гэх хариултыг хүлээж болох юм.

Бид Бурханы аль хэдийн өгсөн тодорхой чиглүүлгийн талаар илчлэлт гуйх үедээ мэдрэмжээ буруугаар ойлгож, сонсохыг хүссэн зүйлээ сонсдог байдалд ордог. Надад нэг хүн гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдлаа тогтворжуулах гэж хичээсэн тухайгаа ярьсан юм. Шийдэл болгож сангийн мөнгийг шамшигдуулах санаа түүнд төрсөн бөгөөд тэр энэ талаар залбираад, үүнийг хийж болно гэсэн баттай илчлэлтийг хүлээн авсан мэт санасан байна. Тэрээр Бурханы тушаалд харш илчлэлт эрэлхийлсэн учраас хууртагдсан гэдгийг нь би мэдэж байсан. Бошиглогч Иосеф Смит “Хүмүүний үрс хуурамч сүнсний нөлөөн дор байгаагаа Бурханы Сүнстэй байгаа гэж эндүүрэхээс илүү аюултай хорлол гэж үгүй”22 хэмээн сэрэмжлүүлсэн.

Зарим хүн Лебенийг хороохдоо Нифай тушаал зөрчсөн гэж хэлж магадгүй. Гэхдээ энэ онцгой тохиолдол хувийн илчлэлт нь Бурханы тушаалуудтай нийцтэй байх ёстой гэсэн дүрмийг няцаадаггүй. Энэ тохиолдлын талаар ямар ч энгийн тайлбар бүрэн хангалттай биш ч би зарим үйл явдлыг тэмдэглэж хэлье. Түүх Нифайн Лебенийг хороож болох эсэхээ асууснаар эхэлдэггүй. Энэ нь түүний хийхийг хүссэн зүйл байгаагүй. Лебенийг хороох нь Нифайн өөрийнх нь ашиг тусын төлөө бус, харин ирээдүйн үндэстэн, гэрээний хүмүүсийг судартай болгох зорилготой байсан. Нифай үүнийг илчлэлт гэдэгт итгэлтэй байв. Чухамдаа энэ тохиолдолд энэ нь Бурханы зарлиг байсан.23

Цогц дүрмийн дөрөв дэх элемент бол Бурханы цаашдын илчлэлтэд нээлттэй байхын зэрэгцээ Түүний танд хувьчлан аль хэдийн илчилсэн зүйлийг таньж мэдэх явдал юм. Хэрэв Бурхан асуултад хариулж, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй бол бид хариултыг яагаад өөр байгаасай гэж хүлээдэг вэ? 1828 онд Иосеф Смит ийм асуудалтай нөхцөлд байдалд орсон юм. Мормоны Номын эхний хэсэг орчуулагдсан байсан үед ивээн тэтгэгч, эхний бичээч Мартин Харрис орчуулагдсан хуудаснуудыг авч яваад, эхнэртээ үзүүлэх зөвшөөрлийг Иосефоос хүсжээ. Юу хийхээ мэдэхгүй байсан Иосеф залбирч, удирдамж хүсэв. Их Эзэн Мартинд хуудаснуудыг өгч явуулахгүй байх талаар түүнд хэлсэн.

Мартин Бурханаас дахин асуухыг Иосефоос хүсэв. Иосеф асуусан боловч гайхах зүйлгүй, хариу нь урьдын адил байв. Гэтэл Мартин Иосефоос гурав дахь удаагаа асуухыг гуйж шалсан бөгөөд Иосеф дахин асуужээ. Энэ удаа Бурхан “Үгүй” гэж хэлсэнгүй. Харин Бурхан “Иосеф, энэ тухайд миний юу гэж бодож байгааг чи мэдэж байгаа, гэхдээ чамд сонгох эрх чөлөө байгаа” гэж хэлэх мэт байв. Шахалт дарамтаас салж тайвширсан Иосеф Мартинд гар бичмэлийн 116 хуудсыг авч яваад, гэр бүлийнхээ цөөхөн хүнд үзүүлж болно гэж зөвшөөрөхөөр шийдэв. Орчуулагдсан хуудаснууд алдагдаж, хэзээ ч олдоогүй юм. Их Эзэн Иосефыг ширүүнээр зэмлэн буруушаасан билээ.24

Мормоны Номын бошиглогч Иаковын заасанчлан, “Их Эзэнд зөвлөхөөр бус, харин Түүний мутраас зөвлөгөөг авахаар эрэлхийл. Учир нь … тэрбээр мэргэн ухаанд … зөвлөдөг”25 гэдгийг Иосеф ухаарчээ. Иаков асуух ёсгүй зүйлээ асуух үед азгүй зүйлс тохиолддог гэж бидэнд анхааруулсан. Тэрээр Иерусалимын хүмүүс “ойлгож [чадаагүй] зүйлүүдийнхээ төлөө эрэлхийлж,” “тэмдгийн цаадах”-ыг хайж, дэлхийн Аврагчийг бүрмөсөн анхаарахгүй26 байх болно гэдгийг урьдчилан зөгнөсөн. Тэд өөрсдийн ойлгохгүй, ойлгож чадахгүй зүйлсийг гуйсан учраас бүдэрчээ.

Хэрэв бид өөрсдийнхөө нөхцөл байдалд тохирсон хувийн илчлэлтийг хүлээн авсан бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдөөгүй бол Бурхан бидний асуултад аль хэдийн хариулсан гэсэн үг.27 Жишээ авч үзвэл, заримдаа бид өршөөгдсөн эсэхээ мэдэхээр ахин дахин залбирдаг. Хэрэв бид наманчилсан, ухамсрын баяр баясгалан, амар амгаланг мэдэрсэн, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авсан бол ахин дахин асуугаад байх шаардлагагүй бөгөөд Бурханы аль хэдийн өгсөн хариултад итгэж найдах ёстой.28

Хэдийгээр бид Бурханы өмнө нь өгсөн хариултуудад итгэж найдаж байгаа ч цаашдын хувийн илчлэлтэд нээлттэй байх хэрэгтэй. Эцсийн эцэст амьдралын цөөн хэдэн зогсоолд л зогсолтгүй нислэгээр хүрдэг. Бид хувийн илчлэлтийг “шат шатаар, дүрэм дүрмээр”29 хүлээн авч болзошгүй бөгөөд илчлэгдэх чиглүүлгүүд бага багаар өсөн нэмэгдэж болдог төдийгүй олонтоо тэгж л ирдэг30 гэдгийг ойлговол зохино.

Хувийн илчлэлт хүлээн авах цогц дүрмийн элементүүд давхцаж, харилцан нэг нэгнээ батжуулдаг. Гэхдээ тэрхүү цогц дүрмийн дотор, гэрээний зам дээрх инерц рүү тэмүүлж, инерцээ хадгалахад хэрэгтэй бүх зүйлийг Ариун Сүнс илчилж чадна, илчлэх ч болно. Ийн бид Тэнгэрлэг Эцэгийн хүссэн хүн болохоор Есүс Христийн хүчээр адислагдаж чадна. Бурханы илчилсэн бүхнийг ойлгож, Түүний томилогдсон бошиглогчдоор дамжуулан өгөгдсөн судар, зарлигуудад нийцэн, өөрийн мэдлэгийн хүрээ, сонгох эрх чөлөөгөөр өөрсдөдөө зориулан хувийн илчлэлт хүлээн авах итгэлтэй байгаасай хэмээн би та бүхнийг урьж байна. Ариун Сүнс та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт харуулж чадах бөгөөд харуулах ч болно гэдгийг би мэднэ.31 Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Ахлагч Дийтр Ф.Угдорф сайн мэдээний чухал зарчмуудыг заахдаа нисэх онгоцтой холбоотой адилтгалыг байнга үр дүнтэй ашигладаг. Жишээлбэл: Саяхан тэрээр “A Teacher’s Checklist” ([broadcast for teachers, June 12, 2022], broadcasts.ChurchofJesusChrist.org)-дээ Аврагчтай адил заахыг нисгэгчийн нислэгийн өмнөх шалгах жагсаалттай холбосон (Teaching in the Savior’s Way with Elder Uchtdorf), broadcasts.ChurchofJesusChrist.org.

  2. Бурхан Тэргүүтэний гуравдагч гишүүн болох Ариун Сүнс олонтоо Бурханы Сүнс гэгддэг бөгөөд авралын төлөвлөгөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэрээр Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилж, бүх зүйлийн үнэнийг илчлэн мөн наманчилж баптисм хүртсэн хүмүүсийг ариусгадаг ба тэрээр Амлалтын Ариун Сүнс юм (Судруудын удирдамж, “Ариун Сүнс,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

  3. 2 Нифай 31:19–21;Мозая 4:8-ыг үзнэ үү. Бид “Бурханы хаант улсад аврагдаж чадах” өөр арга зам гэж үгүй. Өөр аргаар хүсэх нь өөр хувилбарын замыг бий болгохгүй.

  4. 2 Нифай 32:5; мөн Сургаал ба Гэрээ 84:43–44-ийг үзнэ үү.

  5. 2 Нифай 32:4; Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115–120-ийг үзнэ үү.

  6. Maтай 7:7–8

  7. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”; “Залуу эмэгтэйчүүдийн уриа”; Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 27.0; 27.2-ыг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

  8. 2 Нифай 32:3-ыг үзнэ үү.

  9. Robert D. Hales, “Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Liahona, Nov. 2006, 26–27.

  10. Ариун Сүнсний дуу хоолой нь чанга, чимээ шуугиантай бус харин намуун, зөөлөн байдаг. Энэ нь энгийн, чимээгүй, тодорхой; энэ нь хурц жадлам бөгөөд шатам; энэ нь оюун, сэтгэл зүрх хоёрт хоёуланд нөлөөлдөг; энэ нь амар амгалан, баяр баясгалан, итгэл найдвар авчирдаг болохоос айдас, сэтгэл түгшүүр, санаа зовнилыг авчирдаггүй; энэ нь биднийг хилэнцтийг бус сайныг үйлдэхэд урьдаг; энэ нь гэгээрүүлэгч ба амтат бөгөөд харин нууцлаг биш юм гэж сударт заадаг. 1 Хаад 19:11–12; Омнаи 1:25; Алма 32:28; Хиламан 5:30–33; 3 Нифай 11:3; Моронай 7:16–17; Сургаал ба Гэрээ 6:22–24; 8:2–3; 9:8–9; 11:12–14; 85:6; Boyd K. Packer, “The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 51–56; Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108; Рассэлл М.Нэлсон, “Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 77; Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 115–ыг үзнэ үү.

  11. 3 Нифай 18:20; Моронай 7:26; Сургаал ба Гэрээ 88:64–65-ыг үзнэ үү.

  12. Хиламан 10:5; Сургаал ба Гэрээ 46:30-ийг үзнэ үү.

  13. Иаков 4:3; James 4:3, New International Version; 2 Нифай 4:35; Сургаал ба Гэрээ 8:10; 46:7; 88:64–65-ыг үзнэ үү.

  14. Мөн Сургаал ба Гэрээ 88:64–65-ыг үзнэ үү; Судруудын удирдамж, “Залбирал,” scriptures.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү.

  15. 3 Нифай 18:20; Моронай 7:26-г үзнэ үү.

  16. Сургаал ба Гэрээ 28:2, 7

  17. Сургаал ба Гэрээ 21:4–5-ыг үзнэ үү.

  18. Аз болоход, түүнд үнэхээр шаардлагатай байсан тусламж, эмчилгээг хүлээн авах төлөвлөгөөг гаргасан байв.

  19. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 197.

  20. Thomas S. Monson, “Whom Shall I Marry?,” New Era, Oct. 2004, 4.

  21. Сургаал ба Гэрээ 59:9–16-г үзнэ үү.

  22. Joseph Smith, in Times and Seasons, Apr. 1, 1842, 744, josephsmithpapers.org.

  23. Их Эзэн Өөрийн илчлэгдсэн зарлигуудыг үе үе өөрчилж, засварлаж, онцолдог хэдий ч эдгээрийг хувийн илчлэлтээр бус харин бошиглолын илчлэлтээр гүйцэтгэдэг. Бошиглолын илчлэлт Бурханы мэргэн ухаан, ойлголтын дагуу Бурханы ёсчлон томилсон бошиглогчоор дамжин ирдэг. Эдгээр онцгой тохиолдолд “Та хүн алах ёсгүйl” (Гэтлэл 20:13) хэмээх тушаалынхаа эсрэг Канааны газар нутагт оршин суугчдыг ал хэмээн Их Эзэний Мосед болон Иошуад өгсөн илчлэлт багтана. Их Эзэн бошиглогчоороо дамжуулан Өөрийн тушаалуудыг Өөрийн зорилгын төлөө засдаг бөгөөд засах ч болно. Гэвч бид бошиглогчоор дамжуулан Бурханы Өөрийн сүмд илчилсэн тогтсон тушаалуудыг хувийн илчлэлтээр дамжуулан засах эсвэл үл ойшоох боломжгүй.

    1 Нифай 4:12–18-ыг үзнэ үү; илүү бүрэн ярилцлагыг үзэхийн тулд Joseph Spencer, 1st Nephi: A Brief Theological Introduction (2020) 66–80-ыг үзнэ үү.

  24. 116 гар бичмэл хуудасны бүрэн цэдгийг харахын тулд Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 (2018), 44–53; мөн Сургаал ба Гэрээ 3:5–15; 10:1–5-ыг үзнэ үү

  25. Иаков 4:10

  26. Иаков 4:14–30-ийг үзнэ үү.

  27. Joseph Smith: “We never enquire at the hand of God for special revelation only in the case of their being no previous revelation to suit the case” (in History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume A-1, 286–87, josephsmithpapers.org).

  28. Moзая 4:3-ыг үзнэ үү. Чин сэтгэлийн, ухамсартайгаар хийсэн наманчлалын дараа ч харамсал, буруутай мэдрэмж тээсээр байвал ихэвчлэн Есүс Христэд болон Түүний биднийг өршөөх, эдгээх чадварт итгэх итгэл дутагдсанаас болдог. Заримдаа бид өршөөл нь бусдад зориулагдсан ч бидэнд зориулагдаагүй мэт боддог. Энэ нь Аврагчийн хязгааргүй Цагаатгалаараа гүйцэлдүүлж болох зүйлсэд итгэх итгэл дутуугийн шинж юм.

  29. Исаиа 28:10; 2 Нифай 28:30; David A. Bednar, “Line upon Line, Precept upon Precept,” New Era, Sept. 2010, 3–7-г үзнэ үү.

  30. Гэхдээ хэрэв Бурхан танд илчлэлт өгөөгүй бол илчлэлт өгөхийг үргэлжлүүлэн гуйгаарай. Ахлагч Ричард Г.Скотт “Итгэж найдан үргэлжлүүл. … Та нар зохистой амьдарч, итгэлээр үйлдсэн цагт, буруу шийдвэр гаргалаа ч Бурхан та нарыг сэрэмжлүүлэх мэдрэмж өгөлгүйгээр дэндүү хол явуулахгүй” гэж заажээ (“Using the Supernal Gift of Prayer,” Liahona, May 2007, 10).

  31. 2 Нифай 32:5-ыг үзнэ үү.