Ерөнхий чуулган
Ядуус болон гачигдагсдад туслах
2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Ядуус болон гачигдагсдад туслах

Есүс Христийн Сүм тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэхийн зэрэгцээ энэ үйлд бусадтай хамтран ажиллахыг эрмэлздэг.

Ах, эгч нар аа, бидний хайрт ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ хуралдааны төгсгөлд бидэнд хандан үг хэлэх болно. Тэр надаас эхний үг хэлэгч болохыг хүссэн юм.

Миний өнөөдрийн үг хэлэх сэдэв бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болон Сүмийн гишүүд ядуус хийгээд гачигдагсдад юу өгдөг, тэдэнд зориулан юу хийдэг тухай юм. Мөн ийн тусалдаг бусад сайн хүний талаар би ярих болно. Тусламж хэрэгтэй хүмүүст тусламж үзүүлэх нь Абрахамын бүх шашныханд болон өөр бусад шашинд байдаг зарчим юм.

Хэдэн сарын өмнө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэлхий даяар явуулдаг хүмүүнлэгийн үйл ажиллагааныхаа цар хүрээг анх удаа тайлагнасан билээ.1 2021 онд дэлхийн 188 орны тусламж хэрэгтэй хүмүүст үзүүлсэн бидний тусламжийн зарлага нийт 906 сая буюу бараг нэг тэрбум долларт хүрсэн. Түүнчлэн манай гишүүд тэдгээр үйл ажиллагаанд зургаан сая гаруй цагийг сайн дураараа зарцуулжээ.

Мэдээж, эдгээр тоо баримт нь бидний юу өгч, хэрхэн тусалдаг талаарх бүрэн тайлан биш юм. Эдгээрт дуудлагат ажлынхаа хүрээнд нэг нэгэндээ тохинуулж, гишүүнээс гишүүнд сайн дурын үндсэн дээр үзүүлсэн хувь хүний үйлчлэлүүд ороогүй. Мөн 2021 оны тайланд гишүүдийн маань манай Сүмтэй холбоогүйгээр, энэрлийн тоо томшгүй олон байгууллагаар дамжуулан хувиараа үзүүлсэн тусламжийн талаар дурдаагүй болно. Би дараах жишээгээр эхэлье.

1831 онд буюу Сүм байгуулагдаад хоёр жил болоогүй байхад Их Эзэн дараах илчлэлтийг Сүмийн гишүүдэд өгсөн бөгөөд үүнийг дэлхий даяарх Өөрийн бүх хүүхдэд өгсөн гэдэгт би итгэдэг.

“Учрыг болгоогтун, бүх зүйлд би зарлиглах нь тохирохгүй бөлгөө; учир нь бүх зүйлд албадуулдаг тэр нь лазан хийгээд ухаалаг биш үйлчлэгч лугаа адил юм; ….

Үнэнээр би хэлнэ, хүмүүс сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хийж, мөн туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авчрах ёстой;

Учир нь хүч тэдэнд буй, үүгээр тэд өөрсдийнхөө төлөө сонгогчид юм. Мөн хүмүүс сайныг үйлдэхийн хэрээр тэд яавч шагналаа алдах учиргүй.”2

38 гаруй жилийн турш төлөөлөгчөөр, 30 гаруй жил мэргэжлээрээ ажиллахдаа би энэ илчлэлтэд тодорхойлсон “сайн зарчим” ба “туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор ав[чирч буй]” байгууллага, хувь хүний олон өгөөмөр үйлийг харж байсан. Өөр улс орон, дэлхийн өнцөг булан бүрд, бидний олонхын мэдэхгүй ийм хүмүүнлэгийн үйлчлэлийн тоо томшгүй олон жишээ бий. Үүнийг эргэцүүлэн бодох үед надад Мормоны Номын бошиглогч, Бенжамин хааны номлолынхоо үеэр өгсөн “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа”3 хэмээх мөнхийн үнэн бодогддог.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд болон уг Сүмийн гишүүд болох бидэнд бусдадаа үзүүлэх халамж, хүмүүнлэгийн үйлчлэлийн талаар байнга заадаг бөгөөд үүнийг бодитоор хэрэгжүүлдэг. Жишээлбэл: Бид сар бүрийн эхэнд мацаг барьж, хамгийн багадаа идээгүй хоолныхоо үнийн дүнтэй тэнцэх мөнгийг цуглааныхаа тусламж хэрэгтэй хүмүүст зориулан хандивладаг. Сүм түүнчлэн хүмүүнлэгийн болон өөр бусад үйлчлэлд зориулан асар их тусламжийг дэлхий даяар үзүүлдэг.

Манай Сүмээс олон тусламжийг шууд үзүүлдэг ч дэлхий даяар Бурханы хүүхдүүдэд үзүүлдэг хүмүүнлэгийн ихэнх үйлчлэлийг манай Сүмтэй холбоогүй хүмүүс, байгууллагууд үзүүлдэг. Манай төлөөлөгчдийн нэг “Бурхан өөрийн агуу хийгээд гайхамшигт ажлыг гүйцэлдүүлэхийн тулд зөвхөн нэг бүлэг хүмүүсийг биш харин илүү олон бүлгийг ашигладаг. … … Энэ нь ганц хүнд хэтэрхий ахадсан, хүнд ажил юм” гэж онцолсон байдаг.4 Сэргээгдсэн Сүмийн гишүүдийн хувьд бид бусдын үйлчлэлийг илүү их анзааран харж, талархдаг байвал зохино.

Есүс Христийн Сүм тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэхийн зэрэгцээ энэ ажилд бусадтай хамтран ажиллахыг эрмэлздэг. Бид саяхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн хүнсний хөтөлбөрт том бэлэг барьсан. Олон арван жилийн турш үзүүлсэн хүмүүнлэгийн үйлсийн явцад манай гол хамтрагчаар хоёр байгууллага шалгаран гарч ирдэг. Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгтэй хамтран олон улс оронд хэрэгжүүлсэн манай төслүүд байгалийн гамшиг, зөрчил мөргөлдөөний үед Бурханы хүүхдүүдэд нэн шаардлагатай тусламжийг үзүүлж байсан. Бидэнд мөн Католик шашны тусламж үзүүлэх байгууллагатай хамтран хэрэгжүүлж байсан ажлуудын урт жагсаалт бий. Эдгээр байгууллага бидэнд дэлхийн хэмжээнд тусламж үзүүлэх талаар олон зүйл заасан.

Бид түүнчлэн Муслим тусламж, Хүмүүст зориулсан ундны ус, ИзраЭЙД гэх зэрэг өөр бусад байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллаж байсан. Хүмүүнлэгийн байгууллага бүр өөр өөрийн гэсэн чиглэлээр тусламж үзүүлдэг ч бид Бурханы хүүхдүүдийн зовлон зүдгүүрийг хөнгөлөх нэг зорилготой. Эдгээр нь бүгдээрээ Бурханы Өөрийн хүүхдүүдэд зориулсан ажлын нэг хэсэг нь юм.

Орчин цагийн илчлэлт нь бидний Аврагч Есүс Христ бол “дэлхийд ирдэг хүн болгоныг гэрэлтүүлдэг үнэн гэрэл” болохыг заадаг.5 Тиймээс Бурханы бүх хүүхэд бүхий л мэдлэг, ур чадвараа ашиглан Түүнд болон нэг нэгэндээ үйлчлэхээр сүнслэгээр өдөөгддөг.

Мормоны Номд “иймийн тул, сайныг үйлдэхэд мөн Бурханыг хайрлахад, мөн түүнд үйлчлэхэд урьж мөн татдаг тэрхүү юм бүр, Бурханаар нөлөөлөгддөг”6

гээд, цааш нь:

“Учир нь болгоогтун, Христийн Сүнс хүн бүрд тэрбээр сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг, иймийн тул, би та нарт дүгнэх аргыг үзүүлье; учир нь Христэд итгүүлэхээр ятгахыг, мөн сайныг хийхийг урьдаг юм болгон нь, Христийн хүч болон бэлгээр илгээгдсэн байдаг; …

Мөн эдүгээ, ах дүүс минь, түүгээр дүгнэж болох, Христийн гэрэл болох тэрхүү гэрлийг та нар мэдэх учир, буруугаар дүгнэхгүй байхаа мэдэгтүн”7 хэмээн заадаг.

Бурханы хүүхдүүд Бурханы бусад хүүхдэд хоол хүнс, эрүүл мэнд, боловсролын нэн чухал хэрэгцээнд нь хэрхэн тусалж байгаа хэдэн жишээ хэлье.

10 жилийн өмнө Арабын Нэгдсэн Эмират Улсад амьдардаг Сих шашинтай гэр бүл буюу эхнэр, нөхөр Кандхаригууд өлсгөлөнд нэрвэгдэгсдэд туслах гайхалтай хөтөлбөрийг хувиараа эхлүүлсэн байна. Одоогоор тэд амралтын өдрүүдээр Гүрү Нанак Дарбар Сих сүмээр дамжуулан орж ирсэн хүн бүрд шашин шүтлэг, арьсны өнгө үл харгалзан 30000 гаруй таваг цагаан хоолоор үйлчилдэг. Доктор Кандхари “Бид бүгд нэгдмэл нэг гэдэгт мөн бид Бурханы хүүхдүүд бөгөөд энд нэг нэгэндээ хүмүүний ёсоор үйлчлэх гэж байгаа гэдэгт итгэдэг”8 гэж тайлбарласан.

Эмнэлгийн тусламж болон шүдний эмчилгээ үзүүлдэг өөр нэгэн жишээ байна. Би Шикагод сири гаралтай америк, эрчимт эмчилгээний эмч Захэр Сахлоултай танилцсан. Тэрээр Сирийн дайн гэх мэт хямрал нүүрлэсэн газруудад сайн дурын үндсэн дээр цаг хугацаа, ур чадвар, мэдлэг, манлайлах чадвараа зориулан тусламж үзүүлдэг эмнэлгийн мэргэжилтнүүдийг зохицуулдаг МэдГлобал байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг юм. Тэр өөрөө Сирид амь насаа эрсдэлд оруулан, нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байжээ. МэдГлобал болон бусад ижил төрлийн байгууллага (мөн хожмын үеийн гэгээнтэн олон мэргэжилтэн) Бурхан итгэлтэй мэргэжилтнүүдийг дэлхий даяарх ядууст хэрэгтэй тусламжийг үзүүлэхэд удирдаж байгааг харуулдаг.9

Бурханы бусдыг гэсэн сэтгэлтэй олон хүүхэд боловсрол олгох ажилд мөн л дэлхий даяар оролцож байна. Бидний хүмүүнлэгийн ажлаар дамжин мэддэг болсон нэгэн сайн жишээ бол хэд хэдэн мөргөлдөөнөөс болж дүрвэж байсан ноён Габриэл юм. Саяхан тэрээр Африкийн өмнөд хэсгийн хэдэн зуун мянган дүрвэгч хүүхдэд итгэл найдвараа алдалгүй, оюун ухаанаа сэргэг байлгахад нь тусламж үзүүлэх хэрэгтэй байгааг анзаарчээ. Тэр дүрвэгчдийн дунд байгаа багш нарыг “модны сургуульд” нэгтгэсэн бөгөөд тэд модны сүүдэр доор хүүхдүүдийг цуглуулан хичээл заадаг болжээ. Тэр хэн нэгэн үүнийг зохион байгуулж удирдана гэж хүлээж суулгүй, дүрвэгчийн хувьд өнгөрүүлсэн хүнд хэцүү он жилүүдэд бага ангийн мянга мянган хүүхдэд сурч боловсрох боломж олгох ажлыг санаачлан хийж, удирдсан юм.

Мэдээж, энэ гурван жишээ нь сайн үйл хийж байгаа эсвэл Бурханых мэт гаднаасаа харагдах хувь хүн, байгууллагуудын хэлсэн эсвэл хийсэн бүхэн нь яг хэлсэн юм уу хийснээрээ байдаг гэсэн үг биш. Эдгээр жишээ нь Бурхан олон байгууллага, хувь хүнийг маш олон сайн үйл хийхэд өдөөдөг гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Энэ нь мөн бид бүгд бусдын хийсэн сайн үйлсийг олж харж, цаг зав, боломж бололцоо гарах юм бол дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Сүмээс дэмжлэг үзүүлдэг, манай гишүүд, өөр бусад сайн хүн, байгууллагууд цаг заваа зарцуулан, мөнгө төгрөг хандивлан тусалдаг зарим үйлчлэлийн жишээг дурдъя.

Би шашны эрх чөлөөнөөс эхэлье. Бид үүнийг дэмжсэнээр өөрсдийн эрх ашгаас гадна бусад шашны эрх ашгийг хамгаалдаг. Манай анхны ерөнхийлөгч Иосеф Смит “Ухамсрынхаа шаардлагын дагуу Бүхнийг чадагч Бурханыг шүтэн бишрэх онцгой боломжийг бид шаардаж байна. Мөн энэхүү онцгой боломжийг бүх хүнд зөвшөөрч, хэрхэн, хаана, эсвээс юуг шүтэн бишрэх нь тэдний хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг”10 гэж заасан.

Сэргээгдсэн Сүмийн гишүүдийн сайн дураар үзүүлдэг хүмүүнлэгийн болон бусад тусламжийн өөр жишээнүүд гэвэл, бидний сайн мэдэх сургууль, коллеж, их сургуулиуд мөн тэр бүр мэддэггүй боловч одоо нийтэд ил болсон их хэмжээний хандив буюу газар хөдлөлт, хар салхи зэрэг байгалийн гамшгийн улмаас сүйрэл, хүнд байдалд орсон хүмүүст туслахын тулд өгдөг тусламжууд юм.

Манай гишүүдийн сайн дурын хандив, хүчин чармайлтаараа дэмжиж тусалдаг хүмүүнлэгийн өөр үйл ажиллагаануудыг жагсаан тоочих боломжгүй ч цөөхөн хэдийг нь дурдахад л тэдгээрийн ач холбогдол, өргөн цар хүрээг харуулна. Үүнд: Арьс өнгө, бусад зүйлээр ялгаварлан гадуурхахын эсрэг, өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх судалгааны ажлууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах, дуу хөгжмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, олон нийтийн ёс суртахуун, бие махбодын эрүүл мэндийг сайжруулах зэрэг ажлууд орно.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хүмүүнлэгийн бүх ажилдаа Мормоны Номд тодорхойлсон зөв шударга хүмүүсийн жишээг дагахыг эрэлхийлдэг. “Мөн тийн, тэд нүцгэрсэн, эсвэл өлссөн, эсвэл цангасан, эсвэл өвдсөн, эсвэл асаргаагүй байсан нэгнийг ч хангалуун байдалдаа тэд буцаагаагүй болой; … тиймийн тул тэд, настай болон залуу аль алинд нь, боол мөн чөлөөт аль алинд нь, эрэгтэй мөн эмэгтэй аль алинд нь, сүмийнх биш ч бай, мөн ч бай, чухам ямар хүмүүс байгаагаас үл хамааран гачигдах тэднийг бүгдийг энэрч байв.”11

Гэрэл болон Сүнсээрээ Бурханы бүх хүүхдийг дэлхий даяарх ядуус болон гачигдагсдад туслахад чиглүүлдэг Есүс Христийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.