Ерөнхий чуулган
Хайрын мөнхийн зарчим
2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Хайрын мөнхийн зарчим

Бидний Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүрээ гэсэн хайр бол жинхэнэ юм. Тэр хүн нэг бүрийн төлөө байдаг.

Хайрын мөнхийн зарчим нь Бурханыг бүх зүрх, сэтгэл, оюун, хүчээрээ хайрла мөн хөршөө өөрийн адил хайрла хэмээх хоёр агуу тушаалын дагуу амьдарснаар илэрхийлэгддэг.1

Би Ютад өнгөрүүлсэн анхны өвлөө санаж байна. Хаа сайгүй цас орсон байж билээ. Би тэр үед Сонораны цөлөөс ирсэн байсан учраас надад эхний хэдэн өдөр таалагдаж байсан ч хэсэг хугацааны дараа өглөө эрт босож, гэрийнхээ урд талын замын цасыг цэвэрлэх хэрэгтэйг анзаарсан юм.

Цас их орж байсан нэгэн өглөө би хөлөрч халууцан, цасаа хүрздэн цэвэрлэж байхдаа гудамжны нөгөө талд байх хөршийгөө гараашныхаа хаалгыг нээж байхыг харав. Тэр надаас ах байсан бөгөөд би цасаа хурдхан цэвэрлээд дуусчихвал түүнд тусалъя гэж бодон, түүнээс чанга дуугаар “Ах аа, танд тусламж хэрэгтэй юү?” гэж асуув.

Тэр инээмсэглээд, “Баярлалаа, ахлагч Монтояа” гэлээ. Тэгээд тэр гараашнаасаа цас үлээгч машин гаргаж ирэн, асаагаад, байшингийнхаа урд талбайн цасыг хэдхэн минутын дотор цэвэрлэчхэв. Дараа нь тэр цас үлээгч машинаа барьсаар зам хөндлөн гарч ирээд, надаас “Ахлагч аа, танд туслах уу?” гэж асуухад нь,

би инээмсэглэн, “Тэг л дээ. Баярлалаа” гэж билээ.

Бид нэг нэгнээ хайрладаг учраас бие биедээ туслахад бэлэн байдаг бөгөөд ах дүүсийн маань хэрэгцээ биднийх, харин бидний хэрэгцээ тэднийх болдог. Тэд хаанаас ирсэн, ямар хэлээр ярьдаг нь чухал биш. Гагцхүү бид нэг Эцэгийн хүүхдүүд бас ах дүүс учир нэг нэгнээ хайрладаг юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон тохинууллын талаар тунхаглах үедээ “Бид бусдыг халамжлах, тохинуулах илүү шинэлэг, илүү ариун нандин хандлагыг хэрэгжүүлнэ” гэж хэлсэн.2 Миний хувьд илүү ариун гэсэн үг илүү хувийн шинж чанартай, илүү гүн гүнзгий утгатай бөгөөд Аврагчийн “бие биенээ хайрла”3 гэсэн санааг илтгэдэг.

Хэн нэгэнд тээглэх чулуу болохгүйг хичээх мөн хажуугаар өнгөрөх тусламж хэрэгтэй хэн нэгнийг зүгээр л анзаараад өнгөрөх нь хангалтгүй юм. Амьдралдаа анх удаа, цорын ганц удаа таарч байгаа эсэхээс үл хамааран хөршдөө туслах боломж бүрийг ашиглацгаая.

Бурханаа хайрлах нь яагаад хамгийн агуу тушаал вэ?

Учир нь Бурхан бидэнд хамгаас эрхэм гэж би боддог. Бид Түүний хүүхдүүд бөгөөд Тэр бидний сайн сайхан байдалд санаа тавьдаг. Бид Түүнээс хамааралтай байж, Түүний хайр биднийг хамгаалж байдаг. Түүний төлөвлөгөөнд сонгох эрх багтдаг учир бид алдаа гаргах нь гарцаагүй.

Тэр биднийг соригдож, уруу татагдахыг зөвшөөрдөг. Гэсэн ч биднийг алдаа гаргасан эсвэл уруу татагдсан үед Түүний төлөвлөгөө бидэнд Аврагчийг санал болгодог учир бид гэтэлгэгдэж, Бурханы оршихуй руу эргэн очиж чадна.

Амьдралд тохиолдох зовлон бэрхшээл нь бидэнд өгсөн амлалтууд биелэгдэх эсэхэд эргэлзэхэд биднийг хүргэж болно. Эцэгтээ итгээрэй. Тэр үргэлж амлалтаа биелүүлдэг бөгөөд Түүний бидэнд юу заахыг хүсэж байгааг бид ойлгож чадна.

Зөвийг хийж байх үед ч бидний амьдралын нөхцөл байдал сайнаас муу руу, аз жаргалаас уйтгар гуниг руу эргэж болно. Бурхан бидний залбиралд Өөрийн хязгааргүй нигүүлсэл, хайр, цаг хугацаанд хариулдаг.

  • Елиагийн ус уусан горхи хатаж ширгэсэн байсан.4

  • Нифайн сайн гангаар хийсэн нум хугарсан.5

  • Нэгэн жаахан хүү гадуурхагдаж, сургуулиасаа хөөгдсөн.

  • Эцэг эхийнхээ хүслэн болон мэндэлсэн нэгэн хүүхэд төрөөд, хэдхэн хоноод эндсэн.

Нөхцөл байдал өөрчлөгддөг.

Нөхцөл байдал сайн сайхан, эерэг байдлаас сөрөг, муу байдал руу өөрчлөгдөх үед ч бид аз жаргалтай байж чадна. Учир нь аз жаргал нөхцөл байдлаас бус, нөхцөл байдалд хандах бидний хандлагаас шалтгаалдаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой”6 гэж хэлсэн.

Бид хойш сууж, нөхцөл байдал аяндаа өөрчлөгдөхийг хүлээж болно эсвэл нөхцөл байдлыг өөрчлөх арга замуудыг хайж, өөрчлөлтийг авчирч болно.

  • Елиа Зарефат руу явж, өөрт нь ус, хоол өгсөн бэлэвсэн эмэгтэйтэй уулзсан.7

  • Нифай модоор нум хийгээд амьтад агнан, хүнстэй залгуулсан.8

  • Нөгөөх жаахан хүү цонхны хажууд сууж, хичээлээ сонсон, тэмдэглэж авч байсан ба одоо дунд сургуулийн багш болжээ.

  • Мөнөөх хос Аврагч Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, авралын төлөвлөгөөнд итгэдэг болсон байна. Тэдний ихэд хүлээсэн хэдий ч зуурдаар алдсан хүүхдээ гэсэн хайр уй гашууг нь даван гарсан юм.

Би “Тэнгэрлэг Эцэг минь, Та байдаг уу? Та хүүхэд бүрийн залбирлыг сонсож хариулдаг уу?”9 гэсэн асуултад Тэр байсаар байсан, одоо ч байгаа, цаашдаа ч миний мөн чиний төлөө байх болно гэж хариулах дуртай. Би бол Түүний хүү. Тэр бол миний Эцэг. Би Түүний нэгэн адил сайн эцэг байхын төлөө суралцаж байгаа.

Эхнэр бид хоёр ямар ч нөхцөлд, юу ч болж байлаа гэсэн үргэлж хүүхдүүдээ дэмжихийг хичээдэг. Хүүхэд бүр онцгой. Тэд Бурханд агуу үнэ цэнтэй. Тэдэнд ямар ч сорилт, нүгэл, сул дорой байдал тохиолдсон бай, Бурхан тэдэнд хайртай. Бид ч мөн адил хайртай.

Намайг ерөнхий эрх мэдэлтний дуудлага хүлээн аваад, Солт Лэйк Сити рүү явахын өмнөх өдөр миний бүх хүүхэд, тэдний гэр бүлүүд манайд цуглан, гэр бүлийн үдэш хийж, хайр, талархлаа хуваалцсан юм. Гэр бүлийн үдшийн хичээлийн дараа би хүүхэд бүрдээ санваарын адислал өгсөн. Тэд бүгд нүдэндээ нулимстай байсан. Намайг адислал хэлсний дараа том хүү маань бусдыгаа төлөөлөн, мэндэлсэн мөчөөс нь эхлэн тэдэнд өгсөн бидний хайрын тухай талархлын үгс хэлсэн юм.

Хүүхдүүд тань 5 эсвэл 50 настай байхаас үл хамааран тэднийг адисалж байгаарай. Тэдэнтэй хамт бай. Тэдний төлөө бай. Хэдийгээр материаллаг хэрэгцээг хангах үүрэг хариуцлага нь тэнгэрийн загвар боловч бид хүүхдүүдтэйгээ баяр баясгалант цаг мөчийг өнгөрөөхөө мартах ёсгүй.

Бидний Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүрээ гэсэн хайр бол жинхэнэ юм. Тэр хүн нэг бүрийн төлөө байдаг. Би яаж гэдгийг нь мэдэхгүй ч Тэр үнэхээр тэгж чаддаг. “Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах”10 Эцэгийн алдар суу мөн ажилд Эцэг Өөрөө болон Түүний Ууган Хүү хамтдаа зүтгэдэг. Тэд шаардлагатай үед биднийг чиглүүлэх, анхааруулах, тайтгаруулахаар Ариун Сүнсийг илгээсэн.

Бурхан Өөрийн Хайрт Хүүд энэ үзэсгэлэнтэй дэлхийг бүтээхэд нь зааварчилсан. Бурхан Адам, Ева хоёрт зааварчилж, сонгох эрх чөлөөг өгсөн. Тэрээр бидэнд Өөрийн хайрыг мэдрүүлж, тушаалуудаа өгөхийн тулд бошиглогчдыг жилээс жилд илгээсээр байдаг.

Тэрээр ариун төгөлд залуу Иосеф Смитийн чин сэтгэлийн залбиралд хариулан, түүнийг нэрээр нь дуудаж, “Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!”11 хэмээн хэлсэн.

Би Бурханы биднийг гэсэн хайрын хамгийн агуу нотолгоо Гетсеманид буюу амьд Бурханы Хүүгийн “Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог”12 хэмээн залбирсан газарт тохиосон гэдэгт итгэдэг.

Есүс Христийн Цагаатгалыг ойлгох ойлголтын минь өчүүхэн хэсэг Эцэгээ болон Түүний Хүүг хайрлах хайрыг минь нэмэгдүүлж, нүгэл үйлдэх, дуулгаваргүй байх хүслийг минь бууруулж, илүү сайн хүн байх, илүү сайн зүйл хийх хүслийг маань өсгөж буйг би анзаарсан юм.

Есүс Гетсемани руу чиглэн алхах үедээ ямар нэг айдас, эргэлзээ тээгээгүй бөгөөд харин Эцэгтээ найдан, ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэх ёстой гэдгээ мэдэж байв. Тэр бүхий л шаналал зовлон, доромжлолыг туулсан. Тэр шүүгдэж, яллагдан, цовдлогдсон. Тэрээр загалмай дээр зовж тарчилж байхдаа эхийнхээ болон хайрт шавь нарынхаа хэрэгцээнд төвлөрч байв. Тэр амиа өргөсөн.

Тэрбээр гурав дахь хоног дээрээ амилсан. Бунхан хоосон бөгөөд Тэрээр Эцэгийнхээ баруун гар талд залардаг. Тэд биднийг гэрээнүүдээ сахиж, Өөрсдийнх нь оршихуй руу эргэн очно гэдэгт найддаг. Мөнх бус амьдрал бол бидний амьдрах эцсийн амьдрал биш юм. Энэ дэлхий бидний гэр орон биш бөгөөд бид бол зуурдын оршихуйд амьдарч буй мөнх бодгалиуд билээ.

Есүс бол Христ, амьд Бурханы Хүү мөн. Тэр амьд учраас Бурханы бүх хүүхэд дахин амьдрах болно. Түүний цагаатгагч золиосонд талархъя. Бид бүгд Тэдэнтэй хамт амьдарч чадна. Есүс Христийн нэрээр, амен.