Ерөнхий чуулган
Тэд Таныг мэдэж болохын тул
2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Тэд Таныг мэдэж болохын тул

(Иохан 17:3)

Би та нарыг Есүсийг олон нэрээр нь мэддэг болж, тэнгэрлэг чанаруудыг нь амьдралдаа харуулснаар Түүнтэй адил болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Хэдэн жилийн өмнө надад Аризона дахь тойргийнхоо ариун ёслолын цуглааны үеэр, амьдралаа өөрчлөх үйл явдал тохиосон юм. Ариун ёслолын залбирлаар “өөрсдөдөө [Есүс Христийн] нэрийг [авахад]”1 бэлэн байх талаар хэлэх үед Ариун Сүнс надад Есүст олон нэр байдаг гэдгийг сануулж билээ. Тэр үед нэг асуулт зүрх сэтгэлд минь орж ирэв. “Есүсийн аль нэрийг би энэ долоо хоногт өөр дээрээ авах вэ?”

Гурван нэр санаанд минь буухад би тэдгээрийг бичиж авсан юм. Миний өөртөө илүү сайн хөгжүүлмээр байгаа Христийнхтэй адил зан чанарууд энэ гурван нэрд агуулагдаж байв. Би дараагийн долоо хоногийн туршид уг гурван нэр дээр төвлөрч, тэдгээртэй холбоотой зан чанар, онцлог шинжүүдийг хэрэгжүүлэхийг хичээсэн. Тэр цагаас хойш би хувийн шүтлэг бишрэлийнхээ нэг хэсэг болгож, “Есүсийн аль нэрийг би энэ долоо хоногт өөр дээрээ авах вэ?” гэж өөрөөсөө асуусаар ирсэн юм. Энэ асуултад хариулан, тухайн нэртэй холбоотой Христэд байдаг зан чанарыг хөгжүүлэхээр хичээсэн маань амьдралыг минь адисалсан.

Өршөөлийн залбиралдаа Есүс “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн” хэмээн энэхүү чухал үнэнийг илэрхийлжээ.2 Өнөөдөр би та нартай Есүс Христийг олон нэр цолоор нь мэддэг байснаар ирэх адислалууд болон хүч чадлын талаар хуваалцмаар байна.

Хүнийг таньж мэддэг болох энгийн нэгэн арга бол нэрийг нь мэдэх явдал юм. “Аливаа хүнд өөрийнх нь нэр аль ч хэл дээр хамгийн сайхан, хамгийн чухал авиа болж сонсогддог” гэж ярьдаг.3 Та нарт хэн нэгнийг буруу нэрээр дуудах юм уу нэрийг нь мартах тохиолдол гарч байсан уу? Манай эхнэр Алексис бид хоёр заримдаа хүүхдүүдийнхээ нэгийг “Лола” гээд дуудчихдаг байсан. Гэхдээ юу гэхээр, манай нохойг Лола гэдэг юм. Ямар ч нөхцөл байдалд, хүний нэрийг мартах нь уг хүнд өөрийг нь сайн мэддэггүй юм байна гэсэн бодлыг төрүүлдэг.

Есүс хүмүүсийг мэддэг байсан бөгөөд нэрээр нь дууддаг байсан. Их Эзэн эртний Израилд “Би чамайг аварсан учир бүү айгтун, Би чамайг нэрээр чинь дуудсан; чи Минийх” хэмээн хэлжээ.4 Христийн амилсан өглөө, Есүс Мариаг нэрээр нь дуудахад амилсан Христийн талаарх Мариагийн гэрчлэл батажсан.5 Үүний адилаар, Иосеф Смитийн итгэлтэй залбирлын хариуд Бурхан түүнийг нэрээр нь дуудсан юм.6

Зарим тохиолдолд, Есүс шавь нартаа тэдний төрөлх чанар, чадавх, хэр хэмжээг харуулсан шинэ нэр өгдөг байсан. Иехова Иаковт Израил гэдэг шинэ нэр өгсөн бөгөөд энэ нь “Бурхантай хамт ялсан нэгэн” эсвэл “Бурханыг ялуулсан” гэсэн утгатай байв.7 Иаков, Иохан хоёрт “аянгын хөвгүүд”8 гэсэн утгатай Бонергес гэдэг нэрийг Есүс өгсөн. Симоныг ирээдүйд удирдагч байхыг нь харсан болохоор Есүс түүнд хад хэмээх утгатай Кеф буюу Петр гэдэг нэрийг өгчээ.9

Есүс бидний хүн нэг бүрийг нэрээр маань мэддэгийн адил, бид Есүсийг илүү сайн мэддэг болох нэг арга зам бол Түүний олон нэрийг мэдэж авах явдал юм. Израил, Петр хоёрын нэртэй адил, Есүсийн олон нэр Түүний зорилго, зорилт, зан чанар, онцгой шинжийг ойлгоход бидэнд тусалдаг. Есүсийн олон нэрийг мэддэг болсноор бид Түүний тэнгэрлэг зорилго, амин хувиа үл хичээх зан чанарыг илүү сайн ойлгодог болох болно. Түүний олон нэрийг мэддэг болох нь Түүнтэй илүү адил болж, амьдралд маань баяр хөөр, зорилго авчрах Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэхэд биднийг урамшуулан дэмждэг.

Хэдэн жилийн өмнө, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Topical Guide буюу Сэдэвчилсэн удирдамж дээрээс Есүс Христийн тухай бүх судрыг судалжээ.10 Улмаар тэрээр залуу үеийнхнийг эдгээр судрыг судлахад урьсан билээ. Есүсийн олон нэрийн талаар ерөнхийлөгч Нэлсон “Есүс Христийн цол хэргэм, нэр бүр хувь хүний тань хувьд ямар утга учиртайг ойлгохын тулд залбирч байгаад, ойлгохыг хичээнгүйлэн эрэлхийлж, Есүс Христийн талаарх бүх зүйлийг судал” хэмээн хэлсэн.11

Ерөнхийлөгч Нэлсоныг энэ урилгыг өгсний дараа, би Есүсийн олон нэрийн жагсаалтыг гаргаж эхэлсэн юм. Миний энэ жагсаалтад одоо 300 гаруй нэр байгаа бөгөөд миний олж мэдээгүй байгаа илүү олон нэр байгаа гэдэгт би бат итгэлтэй байна.

Есүсийн зарим нэр зөвхөн Өөрт нь зориулагдсан байдаг ч12 бид бүгдэд хамаарах таван нэр, цолыг би хуваалцмаар байна. Есүсийг олон нэрээр нь мэддэг болох явцдаа өөрийн гэсэн жагсаалт гаргаж эхлэхэд би та бүхнийг урьж байна. Та нар ийн үйлдэхдээ, Есүсийн гэрээт шавийн хувьд өөр дээрээ авахыг хүсэж байгаа өөр бусад нэр, тэдгээртэй холбоотой Христийн зан чанаруудыг олж мэдэх болно.13

Нэгдүгээрт, Есүс бол Сайн Хоньчин.14 Тиймээс Есүс Өөрийн хоньдыг мэддэг,15 “өөрийн хоньдыг нэрээр нь дууддаг”16 төдийгүй Бурханы Хургын хувьд Өөрийн амийг хоньдодоо зориулан өргөсөн.17 Үүнтэй адилаар, Есүс биднээс ялангуяа гэр бүлдээ болон тохинуулагч ах, эгч нарын хувьд сайн хоньчид байгаасай гэж хүсдэг. Есүсийг хайрладаг гэдгээ харуулах нэг арга зам бол Түүний хоньдыг тэжээх явдал юм.18 Төөрөлдсөн хоньдын тухайд, сайн хоньчид алдагдсан хонио олохын тулд аглаг буйд руу явдаг, тэгээд тэднийг аюулгүй газарт буцаж иртэл нь тэдэнтэй хамт үлддэг.19 Сайн хоньчдын хувьд, мөн орон нутгийн нөхцөл байдал боломжтой болох тусам бид хүмүүст аль болох гэрт нь тохинуулахыг эрмэлзэх хэрэгтэй. Бид зурвас бичих, технологи ашиглах зэргийг хувийн биет холбоо харилцааг орлуулах гэж биш, харин баяжуулахын тулд тохинуулалдаа ашиглах ёстой.20

Хоёрдугаарт, Есүс бол Ирэх сайн юмсын дээд прист.21 Есүс хэдхэн цагийн дараа цовдлуулах гэж байгаагаа мэдэж байсан учраас “Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан”22 хэмээн хэлсэн юм. Дэлхийнхэн маань үзэл бодлоороо туйлширч, хуваагдах байдал газар авсан өнөө үед бидэнд өөдрөг байдал, эерэг үзэл, найдварыг номлох, амьдралдаа хэрэгжүүлэх асар их хэрэгцээ шаардлага тулгараад байна. Өнгөрсөн сорилт бэрхшээлээс үл хамааран, итгэл нь биднийг үргэлж найдвараар дүүрэн ирээдүй рүү чиглүүлдэг бөгөөд23 баяр хөөртэй бай гэсэн Есүсийн урилгыг гүйцэлдүүлэх боломжийг бидэнд олгодог.24 Сайн мэдээний дагуу баяр хөөртэй амьдрах нь бидэнд ирэх сайн зүйлсийн шавь нар болоход тусалдаг.

Есүс өчигдөр ч, өнөөдөр ч, бас мөнхөд хэвээрээ гэдэг нь Түүний өөр нэг нэр цол юм.25 Өөрчлөгддөггүй, тогтвортой байдал нь Христэд байдаг зан чанар билээ. Есүс үргэлж Өөрийн Эцэгийн хүслийн дагуу үйлдсэн26 бөгөөд биднийг аварч, эдгээж, бидэнд туслахын тулд Түүний мутар үргэлж сунгаастай байдаг.27 Бид сайн мэдээний дагуу амьдрахдаа өөрчлөгдөхгүй, тогтвортой байвал Есүстэй илүү адил болох болно.28 Хүмүүс нааш цааш шидэгдэн, сургаалын салхи болгонд туугдах үед нэр алдрын тодорхойлолт огцом савлан өөрчлөгдөхийг дэлхийнхэн мэдрэх хэдий ч29 сайн мэдээний дагуу тогтвортой амьдрах нь амьдралын шуурганаар хичээнгүй мөн гуйвшгүй байхад бидэнд тусалдаг.30 Бид “Их Эзэнд зориулан цаг гарга”31 гэсэн ерөнхийлөгч Нэлсоны урилгыг хүлээн авснаар тогтмол тогтвортой байдлыг харуулж чадна. Сүнслэг агуу хүч чадал нь өчүүхэн мөн энгийн зүйлсээс гарч ирдэг бөгөөд32 энэ нь өдөр бүр залбирах, наманчлах, судраас судлах, бусдад үйлчлэх зэрэг “ариун дадал болон зөв шударга загварыг”33 хөгжүүлснээр ирдэг.

Дөрөвдүгээрт, Есүс бол Израилын Ариун Нэгэн юм.34 Есүсийн амьдрал ариун нандин байдлын загвар байсан. Бид Есүсийг дагаснаар Израил дахь ариун нэгэн болж чадна.35 Хаалга бүрийнх нь дээр “Их Эзэнд ариуныг” гэж бичсэн ариун сүмд бид байнга очсоноор ариун нандин байдлаа нэмэгдүүлж чадна. Бид ариун сүмд шүтэн бишрэх бүрдээ гэр орноо ариун газар болгох илүү хүч чадлыг хүртэн гардаг.36 Одоогоор ариун сүмд орох зөвшөөрлийн бичиггүй байгаа хүнийг бишоптойгоо уулзан, тэрхүү ариун газарт орохоор өөрийгөө бэлтгэхэд эсвэл эргэн очиход урьж байна. Ариун сүмд өнгөрүүлэх цаг амьдралын маань ариун нандин байдлыг нэмэгдүүлэх болно.

Есүсийн өөр нэг нэр бол Итгэмжит агаад Үнэн хэмээх нэр юм.37 Есүс хэзээд итгэлтэй, үргэлжид үнэнч байсныхаа адил биднийг амьдралдаа эдгээр чанарыг харуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Итгэл маань бүдчих үед бид, Галилын шуургат тэнгист живж эхлэхдээ Есүст хандсан Петрийн адилаар “Эзэн, намайг авраач” хэмээн гуйн залбирч болно.38 Тэр өдөр Есүс доош тонгойн, живж байгаа шавиа аварсан. Тэр миний төлөө үүнтэй адил үйлдсэн, мөн таны төлөө ч ийн үйлдэх болно. Есүсийг хэзээ ч бүү орхи—Тэр таныг хэзээ ч орхихгүй!

Бид итгэлтэй, үнэнч байх үедээ Есүсийн “Надтай үлдээч” гэсэн утгатай “Миний дотор байгтун” гэсэн дуудлагыг дагадаг.39 Бидэнд асуултууд гарч, итгэл бишрэлийнхээ улмаас шоолуулж, дэлхийн агуу хийгээд нүсэр барилгад байгаа тэднийг бидэн рүү хуруугаараа чичлэн тохуурхах үед бид итгэлтэй, үнэнч хэвээр үлддэг. Эдгээр мөчид Аврагч “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай”40 хэмээн гуйсныг бид санадаг. Биднийг ийн үйлдэх үед Тэрээр Өөртэй нь үлдэхэд шаардлагатай итгэл, найдвар, хүч чадлыг бидэнд өгдөг.41

Хайрт ах эгч нар аа, Есүсийн нэр бидний аврагдаж чадах тэнгэрийн доорх цорын ганц нэр учраас Тэр Өөрийг нь мэдээсэй хэмээн биднээс хүсдэг.42 Есүс бол зам, үнэн, амь юм—Түүгээр бус аваас хэн ч Эцэгт буцаж очиж чадахгүй.43 Есүс бол цорын ганц зам билээ! Тэрхүү шалтгааны улмаас Есүс “Над дээр ир,”44 “Намайг дага,”45 “Надтай хамт алх,”46 “Надаас сур”47 хэмээн урьдаг.

Би бүхий л зүрх сэтгэлээрээ Есүс Христийн талаар, Тэр амьд бөгөөд таныг хайрладаг, таныг нэрээр тань мэддэг гэдгийг гэрчилж байна. Тэр бол Бурханы Хүү,48 Эцэгийн Төрсөн Ганц билээ.49 Тэр бидний Хад, Цайз, Бамбай, Хоргодох газар мөн бидний Гэтэлгэгч билээ.50 Тэр бол “харанхуйд гялалзагч гэрэл.”51 Тэр бол бидний Аврагч52 бөгөөд Гэтэлгэгч.53 Тэр бол Амилалт ба Амь юм.54 Би та нарыг Есүсийг олон нэрээр нь мэддэг болж, тэнгэрлэг чанаруудыг нь амьдралдаа харуулснаар Түүнтэй адил болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Сургаал ба Гэрээ 20:77

  2. Иохан 17:3; тодотгол нэмэгдсэн. Энэ залбирлын талаар ерөнхийлөгч Давид О.Маккэй ийн заасан. “Энэ бичвэрийг Их Эзэний залбирлаас гадна, энэ дэлхий дээр хэлэгдсэн хамгийн агуу залбирлын үгсээс авсан юм. Христ хууран мэхлэгдсэн орой Гетсеманийн цэцэрлэгт орохоосоо өмнөхөн энэ залбирлыг хэлжээ. Би Библид үүнээс илүү чухал бүлэг байдгийг мэдэхгүй (in Conference Report, Oct. 1967, 5).

  3. Дэйл Карнеги, Нөхдөө хэрхэн өөртөө татаж хүмүүст нөлөөлөх вэ? (1981).

  4. Исаиа 43:1; тодотгол нэмсэн.

  5. Иохан 20:16-г үзнэ үү.

  6. Иосеф Смит—Түүх 1:17-г үзнэ үү.

  7. Bible Dictionary, “Israel

  8. Марк 3:17

  9. Лук 6:14; Иохан 1:42-ыг үзнэ үү.

  10. Russell M. Nelson, “I Studied More Than 2,200 Scriptures about the Savior in Six Weeks: Here Is a Little of What I Learned,” Inspiration (blog), Feb. 28, 2017, ChurchofJesusChrist.org. Уг явдлын дараа ерөнхийлөгч Нэлсон “Би өөр хүн болсон” гэжээ. (“Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган,, 25.)

  11. Russell M. Nelson, “Prophets, Leadership, and Divine Law” (worldwide devotional for young adults, Jan. 8, 2017), broadcasts.ChurchofJesusChrist.org.

  12. Жишээлбэл, Есүс бол Мессиа, Христ, агуу Иехова, Нас барагсдын ууган хүү, Бурханы Цорын ганц Төрсөн хүү юм.

  13. Topical Guide дээрээс Есүсийн талаар судраас суралц хэмээсэн ерөнхийлөгч Нэлсоны урилгаас гадна та нар Bible Dictionary дахь “Christ, names of” дээрээс Есүсийн олон нэрийн талаар суралцаж болно. Та нар түүнчлэн ахлагч Жэффри Р.Холландын Witness for His Names (2019), ахлагч Роналд А.Расбандын “Name Above All Names” (Brigham Young University–Hawaii devotional, Oct. 20, 2020) нэртэй онцгой цугларалтын үгсийг speeches.byuh.edu-ээс судлахыг хүсэж болох юм.

  14. Иохан 10:11-ийг үзнэ үү.

  15. Иохан 10:14-ийг үзнэ үү.

  16. Иохан 10:3

  17. Иохан 10:11–15; 1 Нифай 11:31–33-ыг үзнэ үү.

  18. Иохан 21:15–17-г үзнэ үү.

  19. Лук 15:4-ийг Иосеф Смит “Хэрэв та нарын дундаас хэн чинь зуун хоньтой байтал, нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан хонины араас явж, түүнийг олтлоо хайдаггүй вэ?” гэж орчуулсан байдагт би маш их дуртай. (Лук 15:4, зүүвэр тайлбар a, тодотгол нэмэгдсэн).

  20. Ахлагч Дэвид А.Бэднар “Тохинуулахын тулд мессеж бичихэд л хангалттай гэж хүн бүр боддог. Гэвч гэрт нь очиж, хүмүүсийн нүд рүү харах шаардлагатай үе гардаг. Яагаад гэвэл, та өөр хаанаас ч хүлээн авах боломжгүй ойлголт, сүнслэг удирдамжийг тэр л гэрээс авах болно” гэж тэмдэглэжээ (“An Evening with Elder David A. Bednar” [broadcast for religious educators], Feb. 7, 2020], broadcasts.ChurchofJesusChrist.org).

  21. Еврей 9:11-ийг үзнэ үү.

  22. Иохан 16:33

  23. Jeffrey R. Holland, “‘Remember Lot’s Wife’: Faith Is for the Future” (Brigham Young University devotional, Jan. 13, 2009), 2, speeches.byu.edu. “Итгэл үргэлж ирээдүй рүү чиглэдэг. Итгэл нь бидний амьдралд хүссэн үр дүнг авчрах адислал, үнэн, үйл явдлуудтай үргэлж холбоотой байдаг.

  24. Матай 9:2; Марк 6:50; Иохан 16:33; 3 Нифай 1:13; Сургаал ба Гэрээ 61:36-г үзнэ үү.

  25. Еврей 13:8; мөн Bible Dictionary, “Christ, names of”-ийг үзнэ үү.

  26. Иохан 8:29-ийг үзнэ үү.

  27. Алма 5:33; Алма 19:36; 3 Нифай 9:14-ийг үзнэ үү.

  28. Дэвид А.Бэднар, “Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь,” , 2009 оны 10-р сарын ерөнхий чуулган, “Өөрсдийн хувийн амьдралд агуу ажлын үндэс суурийг тавих үедээ тогтмол тогтвортой байх нь гол түлхүүр юм. … Бид тогтмол тогтвортой байж сурах мөн ийм байх хэрэгтэй.”

  29. Ефес 4:14-ийг үзнэ үү.

  30. Мозая 5:15-ыг үзнэ үү.

  31. Рассэлл М.Нэлсон, “Их Эзэнд зориулан цаг гарга,” 2021 оны 10-р сарын ерөнхий чуулган

  32. Алма 37:6-г үзнэ үү.

  33. Энэ нь ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн тохинууллынхаа туршид хэд хэдэн удаа хэлсэн үгс юм. Жишээлбэл: “YSA Face to Face with Elder Oaks and Elder Ballard” (worldwide youth broadcast, Nov. 19, 2017) ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

  34. 2 Нифай 9:18–19, 41-ийг үзнэ үү.

  35. Саяхны, залуучуудад зориулсан дэлхий дахины онцгой цугларалтаар, Вэнди Нэлсон эгч нэгэн асуултыг асуусан ба энэ асуулт нь амьдралыг өөрчилж, өөртөө итгэх байдлыг нэмэгдүүлж, сэтгэл түгшүүрийг багасган, урамшуулж, талархлыг нэмэгдүүлэн, стрессийг бууруулж, уруу таталтыг эсэргүүцэхэд туслах ба мөн баяр хөөр, тайвшрал, хайр, амар амгаланг мэдрэхэд тусална гэж хэлсэн. Тэрхүү асуулт бол “Цэвэр ариун залуу хүн юу хийх вэ?” гэсэн асуулт юм. Тэр тэгээд гурван өдөр дараалан, өдөрт нэг л нөхцөл байдалд энэ асуултыг хэрэгжүүлэхийг уриалсан. “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” (Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15), broadcasts.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  36. Сургаал ба гэрээ 109:12–13, 22-ыг үзнэ үү.

  37. Илчлэл 19:11-ийг үзнэ үү.

  38. Матай 14:30

  39. Иохан 15:4 Аbide гэдгийг грекээр μείνατε (meinate or menó) гэдэг бөгөөд үлдэх, хамт байх гэсэн утгатай.

  40. Сургаал ба Гэрээ 6:36

  41. Ахлагч Жэффри Р.Холланд нэг удаа “abide in me” гэдэг англи үгс испани хэл дээр “permaneced en mi” гэж орчуулагддаг гэж дурдсан ба цааш нь “Тэгэхээр үүний утга нь ‘үлд—гэхдээ мөнхөд үлд гэсэн утгатай.’ … Өөрийнхөө төлөө, өөрийн чинь хойноос ирэх бүх үе удмынхаа төлөө буцахгүйгээр ир, мөн бид нэг нэгэндээ төгсгөлийг хүртэл хүчтэй байхад нь туслах болно” гэжээ (“Abide in Me,” Liahona, May 2004, 32).

  42. 2 Нифай 31:21-ийг үзнэ үү.

  43. Иохан 14:6-г үзнэ үү.

  44. Матай 11:28; 3 Нифай 9:14, 22

  45. Матай 16:24; Лук 18:22; Иохан 21:19; 2 Нифай 31:10

  46. Илчлэл 3:4; Мосе 6:34

  47. Матай 11:29; Сургаал ба Гэрээ 19:23

  48. 3 Нифай 9:15-ыг үзнэ үү.

  49. Иохан 1:14; Алма 5:48-ыг үзнэ үү.

  50. 2 Самуел 22:2–3-ыг үзнэ үү.

  51. Сургаал ба Гэрээ 6:21-ийг үзнэ үү.

  52. Лук 2:11-ийг үзнэ үү.

  53. Сургаал ба Гэрээ 18:11–13-ыг үзнэ үү.

  54. Иохан 11:25-ыг үзнэ үү.